Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ эмнэлгээс гарч буй иргэдийг хувийн машинаар зорчуулахаар болжээ. COVID-19 халдвар авч эдгэсэн, амаржсан, мэс засалд орсон, гэмтэл бэртэл авсан гэсэн олон шалтгаанаар өдөрт дунджаар 500 орчим хүн эмнэлгээс гардаг байна.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Эмнэлгээс гарч буй өвчтөнүүд автобусаар зорчих нь эрсдэлтэй тул эрүүл мэндийн бичигт үндэслэн ар гэрийнхэн нь хувийн машинаараа ирж авах нь зүйтэй гэдэгт холбогдох байгууллагууд санал нэгдсэн. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрсөн” гэв.