Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн. Нэр дэвших ажиллагаа гурав хоног үргэлжлэх бөгөөд дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах учиртай.
УИХ-д суудалтай дөрвөн нам, эвсэл өөр өөрсдийн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид “сойх” ажилдаа ханцуй шамлан орсон.
Эдгээрээс хамгийн дуулиантай бас будилаантай нь АН болоод байна. Хоёр толгойтой гэгдэх болсон АН-ын нэр дэвшигчдийн бүртгэл, дотоод сонгууль, дотоод сонгуулийн саналын дүн гээд бүгд тусдаа болж өндөрлөлөө.
Ингээд
- М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ,
- О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсныг зарлав.
Ямартай ч өнөөдөр хоёр талаас нэг нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авлаа. Гэвч тэдний хэн нь албан ёсоор АН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авах вэ гэдэг бас л асуулт хэвээр байна.
С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, Л.Гүндалай нартай өрсөлдөн, нэгээр гарсан.
Харин Н.Алтанхуяг МАХН-аа орхиж, АН-ын гишүүн болонгуутаа дотоод сунгаанд өрсөлдөх эрхээ авсан С.Ганбаатар болон Д.Ганбат нартай өрсөлдөж, саналын 80 хувийг авч чаджээ. Түүний ширүүн өрсөлдөгчөөр нэрлэгдээд байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дотоод сонгуулийг дүрмийн бус хэмээн үзэж байгаа тул өнөөдөр нэрээ татаж, өрсөлдөгчийн тоог багасгасан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт бас нэг сул тал байгаа нь гишүүнчлэлийн асуудал. Өөрөө АН-ын гишүүнчлэл хэвээрээ байгаа гэдэг ч С.Эрдэнийн гарын үсэг бүхий 2019 онд намаас гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлсэн албан бичиг бий. Хамгийн чухал нь М.Тулгат болон О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч албан ёсоор АН-ын дарга хэмээн Улсын Дээд шүүх бүртгээгүй байгаа. Хүсэлтээ өгсөн ч намын дотоод асуудал хэмээн буцаачихсан. Тэгэхээр одоо Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэнийг АН-ын төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь маргаантай хэвээр.
С.Эрдэнэ одоог хүртэл АН-ын дарга гэсэн тамга, тэмдэг хэвээр, хүчин төгөлдөр. Тиймээс хуулийн хүрээнд авч үзвэл С.Эрдэнэ “жинхэнэ” АН-ын талаас нэр дэвшигч болохоор тайлбарлаж байгаа юм.
Гишүүнчлэлийн асуудлаас болоод С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэнэ гэсэн таамаг байгаа хэдий ч хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч бүртгэхгүй байх магадлал ч мөн бий.
Өөрсдийнх нь хэлдгээр АН-д дотоод хагарал байхгүй хэмээн гүрийдэг ч АН-ын талцал дээд цэгтээ хүрч, эцэстээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй үлдэх ч эрсдэлтэй нүүр тулаад байна.
Тэгэхээр Ерөнхийлөгчид АН-ыг төлөөлөн нэр дэвшигч н Н.Алтанхуяг уу, С.Эрдэнэ үү эсвэл хэн нь ч биш үү гэдгийг хүлээх л үлдлээ.