Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6823 хүнд шинжилгээ хийхэд 629 хүний сорьцод коронавирус илэрлээ. Өдөрт илрэх тохиолдол маш өндөрт тооцогдож байна. Учир нь хөл хориотой үед өдөрт арван мянган хүнд шинжилгээ хийхэд ийм хэмжээний тохиолдол илэрдэг байсан. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 51247 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 603, хөдөө орон нутагт 24 тохиолдол бүртгэгдсэн бол эрүүл мэндийн хоёр ажилтан халдвар авсан байна.
Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд ТАВАН иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Нас баралт буурахгүй байгаа учраас иргэд анхаарлаа бууруулахгүй, халдвар авахаас байнга сэргийлэхийг анхаарууллаа.
Улсын хэмжээнд нийтдээ 754 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 45145 болжээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
-Орхон аймагт 8
-Дархан-Уул 1
-Төв аймагт 4
-Говь-Алтай аймагт 1
Өвөрхангай аймагт 7
-Архангай 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2002, хүндэвтэр 1360, хүнд 544, маш хүнд 105 хүн байгаа юм. Харин гэрийн хяналтад 1829 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 гаруй мянган хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улсын хэмжээнд 1.8 сая гаруй хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол 700 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.