Уг нь баян, дундаж, ядуу, нэн ядуу гэсэн
нийгмийн ерөнхий давхарга бий. Бид ч өөрсдийнхөө орлогын хэм хэмжээгээр ингэж
нэрших нь элбэг. Гэтэл сүүлийн үед хөргөгчтэй, хөргөгчгүй гэсэн давхаргыг
Нийгмийн хамгааллын яамнаас бий болгож, амьжиргааны түвшин тогтоож эхэллээ.
Хэрвээ танайх хөргөгчтэй бол амьжиргааны
түвшин дээгүүр. Харин хөргөгч, цахилгаан бараа үгүй бол амьжиргааны түвшин
доогуурт хамрагдана. Доогуур ангиллынхан төрийн тэтгэмж, халамжинд хамрагдаж,
улс тэднийг тэжээдэг гэсэн үг. Харин дээгүүр буюу гэртээ хөргөгчтэй, зурагттай,
ус буцалгагчтай бол өөрсдийгөө л тэжээж, бас болоогүй улс даа татвар төлж
амьдарна.
Ийм утгагүй ялгаварлалыг төрийн байгууллага
хийж, иргэдээ бухимдуулж эхэллээ. Таны гэрт оросын \”бирюса”, хар дэлгэцтэй \”рекорд”,
зэвэрч гандсан ус буцалгагч байгаа л бол \”амьжиргаа дээгүүр”-т багтана.
Хөршийнхөө хаях гэж байсан хөргөгчийг засч ашиглаж байгаа эсэх тань төрд огтхон
ч хамаагүй. Та амьдрах хүсэл эрмэлзлэлтэй л бол амьжиргаа тань дээгүүрт
үнэлэгдэх нь байна.
Харин амьдрах хүсэл тэмүүлэлгүй, орон
гэргүй, хөргөгч битгий хэл хүнс цуглуулах ч шаардлагагүй тэднийг төр нь хайрлан
энэрсээр.
Уг нь олон хүүхэдтэй, өглөөнөөс үдэш хүртэл
амьдралын төлөө зүтгэж яваа иргэдээ төр нь дэмждэг бол сайнсан. Тэдэнд л төрийн
халамж дутагдаж байна. Гэтэл хөргөгчтэй гэдэг шалтгаанаар хүүхдийнх нь мөнгийг
хасч, өрхийн орлогыг нь нэмгэлж орхилоо.
Бид эмзэг бүлгийхэн гэхээр уулын аманд
ноорхой гэрт олон өнчин хүүхдээ хараад ажилгүй суух эмэгтэй, айлын хашаанд
түлээний амбаарт амьдардаг эмгэн гэж л ойлгодог. Тэднийг харахаар эмзэглэх
сэтгэл төрдөг учраас тэр үү.
Тэгвэл хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгч,
өөрсдөө амьдралын төлөө амрах ч завгүй зүтгэж байгаа залуу, бүсгүй хоёрыг аль
бүлэгт багтаах вэ. Нөхөр нь амьдралын эрхээр гадны орныг зорьж, хоёр хүүхдээ
харж үлдсэн бүсгүй, олсон орлогоороо байрныхаа лизинг, тог, цахилгаан, ус,
СӨХ-өө өгч, багахан хэдэн төгрөгөөр хоол хүнсээ залгуулж буй бүсгүй аль
ангилалд багтах вэ. Тэд орлого их бага нь хамаагүй олж л байгаа учраас дээгүүр түвшнийхэн хэмээн ялгагдаж ёстой юм байна. Тэгвэл эмзэг бүлгийнхэн гэж яг хэнийг хэлээд байна вэ…
Уг нь үүнийг л тогтоож, төрийн хайр
халамж хэнд илүүг хэрэгтэй судлах, мэдэх хүмүүс нь нийгэм хамгааллын
салбарынхан байлтай. Гэвч танайх ямар цахилгаан бараатай вэ гэдэг ганцхан
асуултаар амьжиргааны түвшин тогтоож, хайрлаж, энэрсэн нэр зүүх юм.
Үндэстэн агентлаг