Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хийсэн талаар мэдээллээ. Тэрээр “Бид 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн байгаа. Манай улс ч 12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна. Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна. Дэлхийд халдвар авсан хүмүүсийн 13 хувь буюу 11 сая хүүхэд байгаа бол манай улсад 13197 хүүхэд халдвар авсан байна. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байна. Энэ нь хүүхдүүдэд вакцин хийгээгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Өдөрт нийт батлагдаж байгаа тохиолдлын 26-30 хувийг хүүхдийн халдвар эзэлж байгаа” гэлээ.
КОВАК хөтөлбөрийн хүрээнд манай улсад 100 мянган тун Pfizer вакцин ирсэн бөгөөд үүнийг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа билээ.