Монгол Улс коронавирусийн вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлэхэд ойртлоо, тэргүүлж эхэллээ гэж манай дарга нар үе үе “уралдааны дүн” танилцуулдаг байв. Өнөөх дарга нар маань одоо харагдахаа байжээ. Иргэд албан мэдээнээс цаашгүй болов. Учир нь Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн өмнө гишгэж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орсон тул “ийм дүн” танилцуулах нь улс төрийн нэр төрд нь сэвтэй гэж үзсэн учир ил гарахаа байжээ. Дэлхийн дунджаар сая хүнд ногдох коронавирусийн халдварын тоо 22644, хамгийн өндөр тархалттай Энэтхэгт 21146 байхад Монгол Улсын хувьд 22861 буюу одоогоор халдварын 200-700 тохиолдлоор “илүүрхэж явна”. Сүүлийн 14 хоногт хамгийн их халдвартай улсаар Монгол Улс дэлхийд нэгд бичигдлээ. Үндсэндээ 3.3 сая хүн амтай Монгол Улс улсаараа улаан бүс болсноо дэлхийд зарлалаа. Сүүлийн 10 хоногийг багцалбал шинжилгээ авсан 10 хүн тутмаас нэг халдвар илэрч байсан бол аажмаар 6 хүн тутмаас, 7 хүн тутмаас болсоор өчигдрийн байдлаар шинжилгээ авсан 5 хүн тутмаас халдварын нэг тохиодол илэрч байна.
Сүүлийн 21 хоногийн задгай, зохион байгуулалтгүй, бодлогогүй үйл ажиллагааны гор өнөөдөр гарч байна. Нийслэлээс гадна 16 аймаг, 73 суманд халдвар огцом нэмэгдэж, хөл хорив. Сонгуулийн сурталчилгаа, шагнал, цуглаан нэрээр нийслэл даяараа, бүх аймагт халдвар тарлаа. Халдвар, халдварын тархалтын цөм нь тэнд буй.
2020 оны аравнэгдүгээр сард дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоож халдварыг хумих арга хэмжээг авсан. Тухайн үед өдөрт илрэх халдварын тоо арай ч өнөөдрийнх шиг 2000 даваагүй байв. Уг нь халдварын тоо маргаашаас буюу зургадугаар сарын 15-наас огцом бууна гэх тооцоог хийж, ард түмнийг тайвшруулсан эрдэмдийн зөвлөл, УОК-оос ам асуухаар холбогдов.
Эрдэмтэд УОК, Засгийн газрын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэв
Шадар сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн багаас Монгол Улсад тархаад байгаа халдвар мутацид орсон уу, цаашдаа хөл хорио тогтоох шаардлага үүсэх үү, манай улсын вакцинжуулалт үр дүнтэй байж чадаж байна уу, халдварын тархалт яагаад нэмэгдээд байгаа талаар ярилцлага, мэдээлэл авахыг хүссэн боловч эрдэмтэд “Дур мэдэн ярилцлага өгч болохгүй. Манайхнаас ганц, хоёр хүн ярилцлага өгөөд асуудалд орсон. Хэрвээ ярилцлага өгнө гэвэл гурван газраас зөвшөөрөл авах ёстой. УОК-оос эрдэмтдийн зөвлөлд цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой саналаа боловсруулж УОК-ын хуралдаанаар оруулах чиглэл өгсөн” гэсэн мэдээллийг өгч, ярилцлага өгөхөөс бүгд татгалзсан юм. Нэг үгээр хэлбэл, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл бодит нөхцөл байдлыг олон нийт болон хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд ярихын тулд заавал УОК болон Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой ажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, сонгууль, шагналтай холбоотойгоор халдвар огцом буурах хугацаа долдугаар сарын 1 хүртэл хойшилж буйг эрдэмтэд хэлсэн бололтой.
Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр Ерөнхий сайд эрдэмтийн зөвлөл болон тархвар судлаач нартай хуралдсан. Вакцин эрчимтэй явж байгаа ч хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа учраас халдварын тархалт буурахгүй байна. Эрдэмтэд зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн тооцоолол хийсэн хэвээр байгаа. Давтан тун аваад халдварт өртөж байгаа, хүндэрч байгаа эсэх судалгааг хийгээд явж байгаа. Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдварт өртөж байна. Олон улстай харьцуулаад явж байгаа” гэсэн юм.
Хатуу хөл хорио тогтоох асуудлыг нухацтай хэлэлцэнэ
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй холбогдож нөхцөл байдал болон цаашид хөл хорио тогтоор шаардлага үүссэн эсэх талаар тодруулсан юм.
Тэрээр “Ковидын нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг бид судалж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-өөс УОК-т хөл хорио тогтоох зөвлөмж хүргүүлээгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд хүн амын тодорхой хувь нь вакцины давтан тунгаа хийлгэсэн байгаа учраас бид хөл хорио тогтоох асуудал дээр нухацтай ярилцах хэрэгтэй.
Халдварын нөхцөл байдал цаашид хүндрэх эсвэл буурахыг тодорхойлоход маш хүнд байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь халдвар их бүртгэгдэж байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар явахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хамгийн чухал болоод байна” гэсэн юм.