Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Дарга Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлаад буй юм.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн, Монгол Ардын Намын дараагийн дарга хэн болох вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд ид яригдаж эхэллээ.
Сү.Батболд, Г.Занданшатар, Т.Аюурсайхан гэх мэт нэрс хэвлэлээр хөвөрч, МАН дотор эрх мэдлийн төлөөх их зодоон өрнөнө гэсэн хүлээлт зарим улс төрчдөд үүсч буй ч энэ нь бодит байдлаас ихээхэн зөрүүтэй бололтой.
Намын дүрэм ёсоор МАН-ын дараагийн дарга болох магадлалтай хамгийн эхний хүн бол Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ.Энэ боломжоо ч ашиглаж, “ялыг нь үүрч буй юм чинь ямбыг нь эдлэнэ” гэдгээ тэрээр албан ёсоор мэдэгдчихсэн.
Түүнтэй өрсөлдөх албан ёсны эрхтэй ганц л хүн МАН-д байгаа нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан. УИХ-ын 2020 , орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тус тус сонгуулийн төв штабаа удирдан орж, үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг “Одоо намын даргын албаа авья” гэвэл эсэргүүцэж, өөр аргумент хэлэх хүн бараг гарахгүй биз. Тэр бүү хэл ер нь одоо нам ба засгийн ажлыг салгаж, МАН-ын дарга ба Монгол Улсын Ерөнхий сайд нь өөр хүн байх ёстой гэж үзэх хандлага ч МАН дотор бий болсон нь нууц биш.
Гэвч хамгийн гол нь Д.Амарбаясгаланд тэгж амбицлах хүсэл үгүй бололтой. Харин МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын ажлаа үргэлжлүүлэн хийж, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгон, УИХ-ын 2020 оны сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээр шийдсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй МАН-ын дарга У.Хүрэлсүх ч уг шийдлийг зөв гэж үзэж буй аж.
Үүнтэй ч холбоотойгоор намынхаа их хурлыг 6 сарын 23, 24-ий аль нэгэнд буюу Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тангараг өргөхөөс өмнө зохион байгуулж, намын даргын тамгыг У.Хүрэлсүх өөрөө Л.Оюун-Эрдэнэд ёслол төгөлдөр гардуулах нь зүйтэй гэж МАН-ын удирдлагууд шийдсэн байна.