Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр “Монгол улс 27 мянган орны чадамжтай. Одоогоор 11 мянган иргэн эмнэлэгт хэвтэж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал өнөөдрийн байдлаар таазандаа тулчихсан байна. Хэвтэж байгаа хүмүүсийн 62 хувь нь хөнгөн хэлбэртэй. Дэлхий дахинд хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд гэрээр эмчлүүлж байна. Иргэд хэвтэх сонирхол маш их байна. Дэлхий дахин 80 хувиа гэрээр эмчилж буй. Өнөөдөр дахиад ор нэмэх бололцоо хомс.
КОВИД-19-ийн хажуугаар эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ үргэлжилж буй. Эхний гурав хоногт шинж тэмдэг илрээд халуурангуут би хүндэрч байна гэж бодоод эмнэлэг рүү тэмүүлээд байна. Бид хэвтэх ёстой хүнээ эмнэлэгт авч эхэлнэ. Эмнэлгийн ажилчид сүүлийн хагас жилийн турш өндөр ачаалалтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1300 эмч, эмнэлгийн ажилтан халдвар аваад байна.
Эмнэлгийн эрчим эмчилгээний 385 ортой, амьсгалын аппарат нь үүнээс гурав дахин олон тоотой. Асуудал нь эдгээрт бус түүнд ажиллах боловсон хүчинтэй байна. Эрчим эмчилгээнд ажиллах хүнийг жилийн дотор бэлддэггүй” гэв.