Коронавирусийн халдвар аваад гэрээр эмчлүүлж байхдаа биеийн байдал нь хүндэрч, хандах газаргүй болсон иргэн манай редакцтай холбогдсон юм.
Тухайн иргэний хувьд хүчилтөрөгчийн дутагдалд орж 103 дуудахад халдвартай хүн хүлээж авахгүй гэсэн хариу өгчээ.
Харин 119-т хандахад Хариу арга хэмжээний баг илгээнэ гэсэн бөгөөд ХӨСҮТ ямар ч оргүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн байна. Энэ бол ганц хүнд тохиолдож байгаа жишээ биш, олон хүн гэрээр эмчлүүлж байгаад хүндрэхэд яаж эмнэлэг бараадах нь асуудалтай байгаа юм.
ЭМЯ-наас мэдээлснээр гэрээр эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хүндэрвэл өрхийн эмчид мэдэгдэж, орны захиалга өгч, явуулын баг мөн 119-т холбогдоход КОВИД-19-ийн амбулаторитой холбож өгнө гэдгийг мэдээлж буй.
Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал хүнд, эмнэлгийн ажилтнууд ачаалалтай, хэн нь хаана яаж хүлээж авах нь ойлгомжгүй байна.
“Ганцхан байгаа хүчилтөрөгчийн аппаратаа бариад өдөржин гүйж байна”
2021 оны гуравдугаар сараас эхлэн хөнгөн өвчтөнүүдийг Өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр хянах болсон. Тухайн сард 370 орчим иргэн гэрийн хяналтад байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 20,795 болж нэмэгдэв.
Үүнтэй холбоотой ачаалал нэмэгдсэн талаар СХД-ийн нэгэн өрхийн эмч “КОВИД-19 хариуцсан хоёр эмч байснаас нэг нь жирэмсний амралтаа авсан. Одоогоор ганцхан би ажиллаж байна.
Тохиолдлын тоо олон болсон учир эерэг гарсан бүх хүмүүстэй холбогдож, үзэж дийлэхгүй. Ганцхан байгаа хүчилтөрөгчийн аппаратаа бариад өдөржин хүнд хүмүүсийн хооронд гүйж байна.
Амьсгалын аппарат хүрэлцэхгүй учир энэ хооронд хүмүүсийн биеийн байдал улам дордох тохиолдол ч гарсаар байгаа. Ажлын ачааллаас гадна гэр бүлийн хүн ойлгох, ойлгохгүй тохиолдол ч гарна. Ажлаасаа гар гэж дарамтална. Үнэхээр хүнд байна” хэмээн ярилаа.
Манай улсын хэмжээнд 900 гаруй амьсгалын аппарат байгаа талаар Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлж, халдварын тархалт ингэж хурдацтай нэмэгдвэл амьсгалын аппаратууд хүрэлцэхгүй гэдгийг анхааруулж байв.
Улаанбаатар болон орон нутагт хамгийн олон тохиолдол зургаадугаар сарын 12-нд бүртгэгдсэнээс хойш огт буурахгүй байна. Ингэснээр нийт халдварын тоо өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 98,050 болж, хүнд, нэн хүнд хүний тоо өссөн ч амь аврах ганцхан хэрэгсэл болох амьсгалын аппарат хүрэлцээгүй хэвээр.
Түүнчлэн өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Бүх хүний нөөцөө шавхаж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж гээд нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүсэж байгаа” талаар мэдээлсэн юм.
Ойрын хавьтлуудыг 10 хоногтоо шинжилж чадахгүй байна
ЭМЯ-наас ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабуудын утсанд холбогдохыг зөвлөж байгаа.
Түүнчлэн нэгдүгээр хавьтал болсон хүн гураваас тав хоног өөрийгөө ажиглах бөгөөд хавьтал болсноос хойш зургаа эсвэл долоо дахь хоногт шинжилгээ өгөх талаар тус яамнаас мэдээлсэн. Бодит байдал дээр PCR нь дууссан ойрын хавьтлуудыг 10 хоногтоо шинжилж чадахгүй байна.
Ихэнх дүүргийн өрхийн эмнэлэгт ганцхан хүчилтөрөгчийн аппарат байгаа тухайд иргэд цаим хуудсанд олон жишээ бичиж байна.
Тухайлбал, нэгэн иргэний цээж маш их шуугиж, биеийн байдал муудахад эмч ирж үзээд ор байвал хэвтүүлнэ эмнэлэг авч явдаг баг тусдаа, өрхийн харьяанд нэг хүчилтөрөгчийн аппарат байгааг бие нь маш муу хүнд залгасан. Салгах л юм бол амьсгалах боломжгүй болох тул аппарат ирэх боломжгүй гэжээ.
Мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж буй халдвар хамгааллын дэглэмээ баримталж, аль болох халдварт өртөхгүй байх нь биеийн байдал хүндэрсэн иргэдийг хүлээж авах газаргүй, үхэл амьдралыг шийдэх амьсгалын аппаратгүй үед амь насаа эрсдэлд оруулахаас хамгаалж буй хэрэг юм.