Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 20:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд гаргасан шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулж байна.
Тэрбээр”ХӨСҮТ, ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас коронавируст халдварын нөхцөл байдал түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг УОК-ын хуралдаанаар хэлэлцлээ.
Нэгдүгээрт, хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-наас гаргаагүй. Тодорхой үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, нөхцөл байдалд дүгнэлт хийх саналыг оруулж ирсэн. Энэ дагуу УОК-оос шийдвэрүүдийг гаргалаа.
Хүн амын хөл хөдөлгөөн нэмэгдэж, цаашид халдварын тоо өсөх магадлалтай байгаа тул мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэн 2021 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор боллоо.
Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэрийг гаргалаа.
Амралтын газрууд ч мөн 10 хоног ажиллахгүй.
Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 суманд тодорхой хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байгаа тул хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудлыг шийдвэрлээгүй. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй.
Орон нутаг зорих иргэд тухайн аймгийн ОК-оос ямар шаардлагыг биелүүлэх талаар мэдээлэл авах нь зүйтэй” гэсэн юм.