Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна. Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал,
Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон.
Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.
Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС