Цар тахлын аюул бүрэн намжаагүй ч есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн хичээлийгэхлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Ингэхдээ ЕБС, цэцэрлэг тав хоног танхимаар, ес хоног гэрээсээ /цахимаар тав хоног, амралтын дөрөв хоног/ хичээллэхээр болсон. Энэхүү бодлогыг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс боловсруулсан бөгөөд уг аргачлалаар танхимын хичээлийг эхлүүлэх бэлтгэлийг хангаж буй. Тэгвэл эрдэмтдийн зөвлөлийн боловсруулсан 5:9 болон 4:10 бодлого гэж юу вэ, уг бодлого хэрэгжсэнээр коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлж чадах вэ гэдэгт хариулт хайя.
Тав хоног танхим ес хоног зайнаас буюу 5:9 бодлого
ЕБС-ийг 5:9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон нь коронавирусийн халдварын нууц үеийг тооцоолсонтой холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүүхэд нь цахимаар хичээллэх ес хоногийн хугацаанд коронавирусийн халдварыг тараах, нууц үедээ байх эсвэл эмчлэгдэх хугацаа нь өнгөрөх юм.
Тус бодлогын талаар Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн “Засгийн газраас ногоон болон шар бүсэд байгаа хүүхдүүд 100 хувь танхимаар хичээллэх, харин улбар шар болон улаан бүс буюу хүн амын дунд халдвар голомтлон тархсан газарт амьдарч буй хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэх шийдвэрийг гаргасан.
Ингэхдээ сургууль долоо хоногоор ээлжилж хичээллэх юм. Үүнийг амралтын хоёр хоногтойгоо нийлээд 5:9-ийн зарчим гэж нэрлэж байгаа. Нэг ёсондоо нэг долоо хоног танхимаар хичээллээд, зайнаас тав хоног хичээллэхэд дөрөв хоног нь амралтын өдөр таарч байна. Тав хоног цахимаар хичээллэхэд нэг хүүхэд ес хоног гэртээ байх юм. Энэ 5:9-ийн зарчим нь коронавирусийн халдвар тархахгүй байх магадлалыг сайн хангаж байгаа.
Яагаад гэвэл халдварын нууц үеийн хугацаатай холбоотой. Тухайн нэг сурагч халдвар авсан тохиолдолд эхний тав хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, эхний дөрөв хоногт гадагшаа халдвар тараадаггүй. Жишээ нь, дунд сургуулийн нэг сурагч нэг дэх өдөр халдвар авлаа гэж бодоход даваагаас баасан гариг буюу тав дахь хоног хүртэл халдвар тараахгүй явж байгаад бямба гаригт амрах болно. Ингэхээр сургууль дээр халдвар тараахгүй юм.
Тухайн сурагч баасан гаригт халдвар авсан тохиолдолд ес хоног дотроо орчих учраас дараагийн долоо хоногт хичээлдээ ирэхдээ халдвар нь илэрч, хариу арга хэмжээг авсан байна. Иймээс сургууль дээр халдвар голомтлон тархахгүй байх магадлалтай. Гэхдээ 100 хувь сургууль дээр халдвар тархахгүй гэсэн үг биш. Энэ нь коронавирусийн зүй тогтолтой хамгийн өндөр хувиар тохирч байгаа хувилбар юм” гэлээ.
Дөрөв хоног танхим арав хоног зайнаас буюу 4:10 бодлого
Одоогийн байдлаар манай улсад коронавирусийн тохиолдол өдөрт 1800 орчим бүртгэгдэж байгаа бөгөөд эдгээр тохиолдлын 35-80 хувийг дельта хувилбараар халдварлаж байгаа аж. Хэрэв цаашид дельта хувилбарын тархалт өндөр болсон үед дөрөв хоног танхим арав хоног зайнаас буюу 4:10 бодлогыг хэрэгжүүлэх юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд “Ерөнхий боловсролын сургууль 5:9 зарчмаар хичээллэнэ. Гэхдээ хүн амын дунд зонхилон тархсан вирусийн хувилбараас хамаарч /дельта/ 4:10 зарчмаар хичээллүүлэх болно. Сургалтын хэлбэр цахим, танхим хосолсон байна. Хязгаарлах хичээлийн хувьд биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг зөвхөн онолын хэлбэрээр зохион байгуулна” гэлээ.
Халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ
Цэцэрлэгийн хувьд нэг ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаагаар тухайн ангийг зайн сургалтаар хичээллүүлнэ. Өөр хоорондоо хамааралгүй гурав буюу түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл тухайн цэцэрлэгийг долоо хоногийн хугацаанд бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.
Коронавирусийн тандалтыг хэд хэдэн хэлбэрээр хийнэ. Тодруулбал, ирцийн тандалтыг өглөө бүр сургууль дээр байгуулагдсан тандалтын баг болон анги удирдсан багш хийх болно. Мөн шинж тэмдгийн тандалт хийх болно. Шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсхүл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээ авах болно. Зайн сургалтад шилжсэнээс хойш зургаа дахь хоногт PCR шинжилгээ хийнэ
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд коронавирусийн халдварын вакцинд хамрагдаагүй 12-иос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллүүлнэ.
Коронавируст халдварын вакцинд хамрагдсан 12-иос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллүүлнэ. Өвчлөл гарсан ангийн байрлалаас хамаарч хэсэгчлэн хаана.
Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаагаар зайн сургалтад шилжүүлэх арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгаа аж.