Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэлийн төвлөрлийг сааруулах, Төв аймагт шинэ дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг гэдгийг онцлоод ажилд нь амжилт хүслээ.
Ерөнхий сайд:
-1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, нийслэлд 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна.
Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн авто замын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.
Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсжээ.
Тиймээс Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирдлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэсэн. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө юм.
Авто замын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Энэ зам Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдоно. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатарын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр хонгилыг Монголд анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг давахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Улаанбаатарын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхтэй оролцооноос хамаарна гэлээ.
Засгийн газрын энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. Богдхан төмөр зам баригдсанаар,
- Улаанбаатарын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ, тоосжилт, бохирдол эрс багасан, цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
- Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь бүрдэж, Төв аймаг улсын зэрэглэлтэй хот болон тэлнэ.
- Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхжиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын төвөөр “Улаанбаатар төмөр зам”-ын 35 км цагийн хурдтай вагонууд тээвэр хийж байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад “Улаанбаатар төмөр зам” нийслэлийн түгжрэлд хэр зэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой. Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарч, Улаанбаатарын хаяа, дагуул хотуудыг тэлэх хөтөлбөрүүдийг эхлүүллээ. Энэ нь нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Улаанбаатарын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөд хотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээлээ.
Мөн тэрбээр Богдхан төмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд энэ ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэв.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлжээ.