Хятадын засгийн газар хүүхдүүдийн онлайн тоглоом тоглох хугацааг долоо хоногийн гурван цагаар хязгаарлах арга хэмжээ авлаа.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн тус улсын хүүхэд багачууд Баасан гараг, баяр, амралтын өдрүүдийн оройн 8-аас 9 цаг хүртэл компьютер, гар утсаараа онлайн орчинд тоглоом тоглох эрхтэй болж байна.
Ингэснээр долоо хоногт тоглох хугацаа дээд тал нь гурван цаг болж хязгаарлагдаж байгаа юм.
2019 онд тогтоосон өмнөх хязгаарлалтаар хүүхдүүд өдөрт 1.5 цаг, бүх нийтийн амралтын өдрүүдэд 3 цаг тоглох эрхтэй байв.
Шинэ зохицуулалт тус улсын технологийн аварга компаниуд болох Tencent, NetEase зэргийн үйл ажиллагаа, орлого ашигт нөлөөлөхөөр болж байна.
Тухайлбал Tencent компанийн зах зээлийн үнэлгээ энэ оны хоёрдугаар сарын оргил үе болох $573 тэрбумаас $300 тэрбум болтлоо буураад байгаа юм. NetEase компанийн хувьцааны ханш өчигдөр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 9 орчим хувиар унажээ.
Саяхан Хятадын төрийн төв хэвлэлд онлайн тоглоомын салбарыг “оюун санааны хар тамхи” үйлдвэрлэгч хэмээн шүүмжилж байв.
Энэхүү шүүмжлэлийн дараа Tencent компани хүүхдүүдийн тоглох хугацааг өдөрт нэг цаг, баяр, амралтын өдрүүдэд хоёр цаг болгон хязгаарлах арга хэмжээг өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн юм. Мөн 12 хүртэл насныханд тоглоом дотроос виртуал эд зүйлс худалдаж авахыг хориглож байв.
Өнгөрсөн онд Алибаба компаниас эхэлсэн хатуу зохицуулалт, хяналт шалгалт Хятадын технологийн салбарт ийнхүү үргэлжилж байна.
Эх сурвалж: Associated Press