Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
-Сангийн яамны зарим албан хаагчтай холбоотой, үндэслэлгүй мэдээлэл гарсан. Хотын дарга биднийг үндэслэлгүй гүтгэлээ. Энэ сарын 6-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийв. Тэрээр “Бид 30 автобус худалдан авах тендер зарласан ч Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга дөрөв дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө гэсэн. Тэд санхүү, мөнгөний ашиг сонирхолтой, сүүлийн 30 жил ингэж ажиллаж ирсэн” гэж албан хаагчдыг илт гүтгэжээ.
Иймд бид хариу тайлбар өгөх зорилгоор энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Хариуцлагатай, өндөр албан тушаал хашдаг хүн бусдын нэр хүндэд халдсанд харамсаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Сангийн яамнаас нийслэл рүү явуулсан албан бичгийг сэтгүүлчдэд одоо тараана. Энэ албан бичигт аль нэг компанийг шалгаруулах тухай огт дурдаагүй.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д зааснаар тендертэй холбоотой гомдол гаргавал манай улсын байцаагч тендерийн материалтай танилцдаг. Дараа нь дүгнэлтээ гаргаж, Худалдан авах ажиллагааны газар болон Хуулийн хэлтсийн дарга нараар хянуулдаг.
Төрийн худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой гомдлыг ААН-үүд маш их гаргадаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлажээ. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шалгарч чадаагүй нэг компани гомдол гаргажээ. Төрийн нарийн бичгийн даргын хувьд би тэрхүү дүгнэлтийг албажуулдаг.
Нийслэлийн парк шинэчлэлийн тендерийн талаар товч мэдээлэл өгье. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 60 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаар зарлажээ. Долоон компани энэ тендерт оржээ. Захиалагч тал “Сүлдэр хан минерал” гэх компанийг шалгаруулсан байна. Гэвч гурван компани Сангийн яаманд 18 зүйлээр гомдол гаргасан.
Төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд бид цахим систем нэвтрүүлсэн. Татварын мөнгийг олон нийтийн хяналт дор нээлттэй явуулахын тулд хэд хэдэн хуульд ч өөрчлөлт оруулсан юм. Худлаа зүйлийг үнэн, үнэнийг худлаа болгох ямар ч боломжгүй. Гэтэл гомдол гаргасан компаниуд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзжээ.
ХЭДХЭН ХҮН НУУЦААР, ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ
Манай яамны улсын байцаагч гомдлыг хянаад “Сүлдэр хан минералс” компани дурдсан 18 зүйлээс зургааг нь хангаагүй байна гэсэн. Тухайлбал энэ компани автобус нийлүүлсэн туршлагагүй, өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх шаардлагыг хангаагүй, хамтарч оролцсон хятадын компани нь шаардсан материалыг дутуу ирүүлжээ. Энэ компани ажлын туршлага гэсэн хэсэгт “Нууц гэрээгээр машин механизм нийлүүлдэг” гэжээ. Сангийн яам ийм гэрээ байгуулах нь буруу гэж үзнэ. Төрийн өмчит, уул уурхайн компанид ч ийм гэрээ байгуулсан тохиолдол бий. Сангийн яам төсвийн зарцуулалтыг ил тод болгохоор ажилладаг. Хэдхэн хүн нууцаар, шууд гэрээ байгуулж болохгүй.
Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах нь зөв юм. Захиалагч тал буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж гомдсон тал үзвэл зохих байгууллагад нь хандах нь зөв.
Автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах газар боловсруулсан. Тэд захиалагч нь юм. Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаад, гэрээгээ түргэн байгуулж, автобусаа худалдан авах нь тэдний үүрэг хариуцлага. Сангийн яамнаас шалтгаалж, автобус нийлүүлэлт хойшлоогүй. Ирэх оны улсын төсвийг УИХ баталсны дараа буюу ирэх арван нэгдүгээр сард дахин тендер зарлах боломжтой.
Ташрамд дурдахад Сангийн яам 2020 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай холбоотой 22 гомдол хүлээн авсан. Үүний 16 нь хууль зөрчсөн тендер шалгаруулалт байсан. 2021 онд есөн гомдол хүлээж авлаа. Бүгд хууль зөрчсөн байв. Тэгэхээр Нийслэлийн худалдан авах газар хуулийн дагуу ажиллах, нийслэлийн тулгамдсанасуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна.
Сангийн яамны газрын дарга н.Батзул худалдан авах ажиллагааны цахим системийг (tender.gov.mn) танилцуулав:
-Энд тендэрт оролцсон компаниудын бүх мэдээлэл бий. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дөрөвдүгээр сарын 16-нд автобус худалдан авах тендэрээ зарлаж, сарын дараа нээжээ. Төсөвт өртөг нь 21 тэрбум төгрөг. Нийт долоон компани саналаа өгчээ. Захиалагч тал “Сүлдэр хан минералс” компани хамгийн сайн санал ирүүлсэн гэж үзээд, гэрээ байгуулах эрх олгожээ. Үүний эсрэг “Моннис моторс”, “Евро хан”, “Дайлан” гэж гурван компани гомдол гаргасан. 2019 онд оруулсан хуулийн өөрчлөлтөөр тендэрт оролцсон компаниуд санал өгсөн бусад компанийн материалтай танилцах боломжийг нээсэн юм. Энэ нь хөндлөнгийн хяналтыг бий болгох, шалгарч чадаагүй ААН-ийн гомдлыг илүү үндэслэлтэй болгох зорилготой. “Сүлдэр хан минералс” компани нийт 13 тендерт оролцож, нэг тендерт амжилттай оролцжээ. Тэр нь УУХҮЯ-ны тендер байна.
Тендерт шалгарч чадаагүй компаниуд үндэслэлгүй гомдол ирүүлбэл тухайн тендерт оролцохдоо гаргасан баталгааг нь улсын орлого болгодог. Энэ нь компаниудыг илүү хариуцлагатай болгох зорилготой заалт юм байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дээрх тендерийг энэ сарын 3-нд дахин нээжээ.