ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн хурлаар Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт орших Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэлээ.
Тус хурал Нигер улсын Абужа хотод болж байгаа бөгөөд Увс нуурын хотгорын бүртгэх шийдвэрийг энэ сарын 15-нд гаргасан байна.
Монгол Улс болон ОХУ нь Увс нуурыг тойрсон Монгол, Оросын тусгай хамгаалалттай газар нутгуудыг “Увс нуурын шим мандлын нөөц газар” болон “Увсунурская Котловина шим мандлын нөөц газар” нэрийн дор 1997 онд тус тусдаа ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлж байсан. Улмаар 24 жилийн дараа энэхүү 2 шим мандлын нөөц газрыг нэгтгэн бүртгүүллээ.
Увс нуурын хотгор нь Монгол улсын Увс нуурын дархан цаазат газар (ДЦГ), Алтан элсний ДЦГ, Цагаан шувуут уулын ДЦГ, Түргэн уулын ДЦГ, ОХУ-ын Увсунур, Мөнгөн тайга, Орук шынаа, Арысканнаыг, Ямаалаг, Улар, Цүгээр элс зэрэг дархан газрыг хамардаг.
Увс нуурын хотгор нь Евразийн зүүн хэсэг орших томоохон биомуудыг төлөөлдөг олон төрлийн экосистем, эндемик ургамалтай. Энэхүү газар нутагт хэдэн мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн иргэд суурьшдаг бөгөөд тус газар нь уул, ой, тал хээр, цөлийн бүс зэрэг олон төрлийн зэрлэг амьтдын амьдрах орчныг хамардаг. Энэхүү бүс нутгийн тал хээрийн экосистемд нь олон төрлийн шувууд, цөлийн экосистемд нь олон тооны ховор Морин чичүүл, Хул чичүүл, Алагдаахай зэрэг мэрэгчид олноор амьдардаг. Сав газрын баруун хэсгийн уулс нь дэлхийд ховордож буй Цоохор ирвэс, Аргаль хонь, Сибирийн янгир зэрэг амьтдын идээшлэх гол нутаг нь юм. Увс нуур нь Сибирээс өмнөд зүгт нүүдэллэдэг шувуудын амьдрах орчин болдог.
Увс нуурын хотгорыг Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлснээр тус бүс нутаг дахь биологийн олон янз байдал, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар болон усны шувуудыг хамгаалах, тус газарт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг тогтвортой байдлаар хөгжүүлэх ач холбогдолтой юм.