Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр вакцинжуулалтын явцын мэдээллийг өглөө.
Түүний танилцуулснаар есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины
I тунгийн хамралт 69.2
II тунгийн хамралт 65.5 хувь байна.
Мөн өсссөн дүнгээр 6,268 жирэмсэн эмэгтэй, 6,413 хөхүүл эх эхний тунг хийлгэжээ.
Түүнчлэн өчигдрийн байдлаар 306,710 хүн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэжээ. Энэ нь нийт хүн амын есөн хувийг эзэлж буй юм.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дельта хувилбараас хамгаалах гол арга нь гурав дахь тун болон амны хаалт гэж олон улсад үзэж байгаа.
Хөл хорио тогтоохгүй байх, сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг үргэлжлүүлэх, эдийн засгаа нээлттэй байлгахын тулд гурав дахь тунг иргэддээ уриалж байгаа юм.
10-аас дээш хүнтэй албан байгууллагууд ажилтнуудаа гурав дахь тунгаа хийлгэхийг уриалах хэрэгтэй. Учир нь гурав дахь тундаа хамрагдаагүй нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулах аюултай юм.
Үйлчилгээний газрууд гурав дахь тундаа хамрагдсан хүнд үйлчлэх, гурав дахь тунд хамрагдаагүй хүнтэй уулзахдаа амны хаалтаа авахгүй байхыг уриалж байна.
Дельта хувилбарын халдварлах чадвар нь Уханьд бүртгэгдэж байсан хувилбараас хоёр дахин нэмэгдсэн. Халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг нь 48 цагийн дотор илэрч байгаа.
Гэхдээ шинж тэмдэггүй хэлбэрээр бусдад халдвар тараах эрсдэлтэй тул иргэд гэрээсээ өөр орчинд амны хаалтаа тогтмол зүүж, хариуцлагатай байхыг уриалж байна” гэв.
Түүнчлэн тэрбээр “Амны хаалтаа зүүхгүйгээр таны өөдөөс хараад сууж буй хүн бүр халдвар тараагч байх эрсдэлтэй цаг үед бид амьдарч байгааг анхаарна уу” гэлээ.