Монголын уран бүтээлчид Холливудын мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбоотой хамтран бүтээсэн “Shadow” буюу “Сүүдэр” нэртэй анимэйшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн “St. Louis” олон улсын кино наадмын “Шилдэг богино хэмжээний кино” төрөлд шалгарчээ.
Энэ кино наадамд түрүүлбэл Оскарын богино хэмжээний кино наадмын төрөлд өрсөлдөх хүсэлтээ өгөх эрхтэй болох аж. “St. Louis” олон улсын кино наадам арваннэгдүгээр сард шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.
“Сүүдэр” анимэйшнийг бүтээхэд дөрвөн сарын хугацааг зарцуулсан ба дэлхийн 12 орны 114 уран бүтээлч хамтран ажилласан байна.
Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрээс алсын зайнаас холбогдон ажиллажээ. Технологийн дэвшлийг ашиглаж, зайнаас хийсэн гэдгээрээ онцлогтой уран бүтээл болсон аж.
Бид уг анимэйшний продюсер, жүжигчин А.Баярцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Сүүдэр анимэйшний ялгарах онцлог юу вэ?
Бид анимэйшнээ Холливудын мэргэжлийн уран бүтээлчдийн холбоотой хамтарч хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Холливудад зохион байгуулсан Технологи, инновацын хуралд энэ бүтээлээр оролцсон. Дэлхий дахинд уран бүтээлчид биечлэн уулзаж, хамтарч ажиллан кино хийдэг. Харин цар тахлын үед энэ салбар зогссон. Тиймээс бид гэрээсээ уран бүтээлийг хэрхэн хийх боломжтой вэ гэх санаанд үндэслэн, шинэ технологи, программыг ашиглан бүгд чаддаг чаддагаараа оролцон кино хийе хэмээн шийдсэн. Үүний дагуу Лондон, Лос-Анжелес, Бристон, Дубай, Мексик, Улаанбаатарт буюу дэлхийн зургаан оронд зургаан богино хэмжээний уран бүтээл хийсэн. Цар тахал буюу ковид-19 сэдэв дор киногоо бүтээсэн.
-Анимэйшний зохиолч, найруулагчаар хэн ажилласан бэ?
-Сүүдэр анимэйшний зохиолч, найруулагчаар М.Аззаяа ажилласан.
-Уг анимэйшний үзэгчдэд өгөх үндсэн агуулгын талаар манай уншигчдад товчхон тайлбарлавал?
-Манай уран бүтээл амьд харилцааны тухай өгүүлнэ. Зөвхөн цар тахлын үеэр гэлтгүй бид ердийн үедээ ч гэр бүлтэйгээ хамт байх хугацаандаа бие нь гэртээ байвч сэтгэл санаа нь өөр газар байдаг. Хүн хоорондын харилцааны ач холбогдлыг харуулахыг зорьсон. “Баяр” энтертаймент бүтээсэн гэдгийг онцлох нь зүйтэй байх.
-Үндэсний агуулгыг хэр их шингээсэн бүтээл болсон бол?
-Зураач анимэйшний чадварлаг баг ажилласан. Монгол агуулгаа хөнгөн байдлаар тусгасан. Орон сууцанд үйл явдал өрнөх ч цонхоор нь гэр хороолол харагдах, гол дүрийн охин дээл өмссөн зэргээр кинонд Монгол агуулгаа багтаасан.
-Хэчнээн кино наадамд энэ бүтээлээ сойсон бэ?
-Бид 20 гаруй кино наадамд бүтээлээ илгээсэн. Хариунууд нь эхнээсээ ирж байна.