Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 125 кг-ын жинд “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.
М.Лхагвагэрэл өчигдөр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав.
Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарын авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа.
Эх сурвалж: МЧБХ