Монголын даатгалын холбоо, Монголын даатгал зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын хуулийн хэлэлцүүлэг Lawforum.mn-д байршуулсан “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төсөл нь албан журмын даатгалыг өнгөрсөн есөн жилийн хугацаанд хөгжүүлсэн энэ салбарынхны хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүйсгэсэн агуулгатай байгааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлэв.
Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар “Сүүлийн есөн жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас 10% мөн даатгалын компаниудаас тодорхой хэмжээг авч бүрдүүлсээр Албан журмын даатгалын санг байгуулсан байдаг. Өдгөө 27 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй тус сангийн хөрөнгийг төр менежмент хийж байгаа. Энэ сангийн үйл ажиллагаа, зарлагыг нээлттэй байлгах талаар бидний зүгээс санал гаргаж ирсэн ч хангалттай байсангүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сангийн зарцуулалтын талаар хурал зохион байгуулагдаагүй бөгөөд хөрөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна” гэдгийг хэллээ.
“Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-д зарчмын хоёр том өөрчлөлт байгааг даатгалын салбарынхан онцлов. Тодруулбал,
Нэгдүгээрт, 15 даатгалын компани өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар ажиллаж, иргэд чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн дэд бүтцийг төр хууль батлаад өөр дээрээ төвлөрүүлэх шийдэл гаргасан байна.
Хоёрдугаарт, Санг ямар ч хяналтгүй болгож, ЗТХЯ-ны дэргэд аваачиж төвлөрүүлэх гэж байна.
Даатгалын компаниуд хууль учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч, 2017 оноос хойш Сангийн яаманд удаа дараа саналаа хүргүүлж байсан. Төр албан журмын даатгалын үйлчилгээг өөр дээрээ төвлөрүүлбэл хамгийн эхэнд иргэд хохирно. Нөхөн төлбөр авахад маш төвөгтэй болно. Төрийн байгууллагын хүнд суртлыг давж байж, нөхөн төлбөрөө авах хэрэгтэй байх болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд даатгалын компанид хүсэлт ирүүлсэн 230 мянган зам тээврийн ослоос үүдсэн хохиролд 122 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн. Энэ нь нэг даатгуулагч даатгалын хураамжид дунджаар 46 мянган төгрөг төлсөн бол нөхөн төлбөрт дунджаар 530 мянган төгрөг авсан болохоор Монголын даатгалын холбооноос мэдээллээ.
Монголын даатгал зуучлагчдын холбооны зүгээс даатгуулагч талын эрх ашгийг хамгаалж оролцох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг төлөөлөл нь хэллээ.
“Өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа одоогийн нөхцөлд 20 минутад нөхөн төлбөр олгож байгаа компани бий”
Тэрбээр “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжвэл эхний ээлжид даатгуулагч сонголтгүй болно. Бид аль даатгалын компани юугаараа давуу талтай вэ гэдгийг даатгуулагчдад зөвлөдөг.
Дараагийн дугаарт бид нөхөн төлбөр дээр ажиллаж өгдөг. Одоогийн хуулийн дагуу 30 хоногт багтаан нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Харин өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа одоогийн нөхцөлд 20 минутад нөхөн төлбөр олгож байгаа компани бий. Ингэж даатгуулагчаа татаж байгаа. Бид тухайн компани руу даатгуулагчийг зуучилдаг.
Жолоочид хэрэгтэй заалтууд энэ хуулиар байхгүй болохоор байна. Бидний хувьд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд даатгалын компаниудтай тогтмол маргаан үүсгэж байдаг ч бидний төлөөлдөг даатгуулагчдын эрх ашиг мөн зөрчигдөхөөр байгаа учраас өнөөдөр хамт суугаад байр сууриа илэрхийлж байна” хэмээн ярилаа.
Албан журмын даатгалын компаниуд иргэдийг шулж байна гэх буруу ташаа ойлголтыг иргэдэд өгч, бидэнтэй огт зөвлөлдөхгүйгээр хэлэлцүүлэг өрнүүлж буйд харамсаж буйгаа даатгалын салбарынхан илэрхийллээ.