ЭХЭМҮТ-ийн эмч шөнийн ээлжинд гарч ажиллаж байхдаа нас барсан харамсалтай явдал боллоо. Үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-өөс дараах мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд:
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 2021 оны 11-р сарын 02-03-нд шилжих шөнө энгийн Эх барих эмэгтэйчүүдийн Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.
Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтнүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөнд орсон гэнэ. Эмчийг өрөөнд орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовуурьгүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байна.
Талийгаач Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажилласан туршлагатай эмч байлаа. Гүн эмгэнэл илэрхийлье гэжээ.