Жил бүрийн намрын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцэн нэн тэргүүнд хэлэлцэх асуудал бол ирэх оны улсын төсөв. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн батлах хуулийн хугацаатай учир нэн тэргүүнд хэлэлцдэг.
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарьт Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийнэ хэмээн оруулжээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авах саналыг хэлэлцэж шийдсэн байна.
Бүлгийн зүгээс 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг маш их алдагдалтай, аж ахуйн нэгжүүдэд татварын өндөр дарамт үүсгэсэн, эдийн засгийг тэлэх бодлого бариагүй, үрэлгэн, өр нэмэгдүүлсэн, хамгийн гол нь АН-ын олонхи байхдаа санаачилан батлуулж 2030 он хүртэл гар хүрэхгүй байхаар хуульчилсан Ирээдүй өв санд “гар дүрэх” төсөв болжээ гэж үзэж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээс завсарлага авах саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Татвар нэмэхдээ дандаа ажил олгогчдын нуруун дээр ачаа үүрүүлэхээр төлөвлөсөн байгааг буруутгалаа. “Уг нь ковидын дэглэмийн дараа бизнесээ сэргээхийн тулд татварыг бараг буурах байх гэж үзтэл Засгийн газах эсрэгээрээ маш өндөр татварууд төвлөрүүлэхээр оруулж ирсэнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганибалын хувьд төсвийн хэлэлцүүлэг нэгэнт гуравдугаар шатандаа орж байгаа үед завсарлага авах нь үр дүнд хүрэхгүй, иймд завсарлага авах шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Завсарлага авах асуудлыг бүлгийн хуралд оруулж ирсний хувьд Д.Ганбат дарга үүнд хариу тайлбар хэлэхдээ “Хуулиар бол хоёрдугаар хэлэлцүүлэг дээр бүлэг дүгнэлтээ танилцуулдаг, түүнийгээ бид хийсэн. Гэвч дүгнэлттэй холбоотойгоор ЗГ-аас ямар нэг алхам хийхгүй байна. Тэгэхээр бид энэ удаагийн төсвийн төсөлд байгаа болохгүй зүйлсийг хэлж, хүлээн зөвшөөрөхгүй асуудлуудаа завсарлага авах замаар илэрхийлэх нь зөв. Ядаж олон нийт төсвийн төслийн алдаатай хуудуутай асуудлуудыг Ардчилсан намын бүлэг ямар ч байсан хэлж ярьж, хууль бус асуудлуудаа засч залруулах шаардлага тавьж ирснийг мэдэх ёстой” гэжээ.