2026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан “2026 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжилттай баталлаа. Энэ жилийн төсөвт 188 мянган иргэний санал хүсэлтийг тодорхой хэмжээнд тусгаж өгснөөрөө онцлог.
Ерөнхий сайд, УИХ-ын даргын асуудал яригдсан, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан ажил хаясан зэрэг хүнд хэцүү үед төсөв батлах процесс явагдлаа. Салбар, нийгмийн шаардлагуудад үндэслэн зохих өөрчлөлтүүдийг хийлээ.
Эдгээрийг хийхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагч нар ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан гэж ойлгох хэрэгтэй. Ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
Төсөв батлагдаад үйл ажиллагаа ч эхлээгүй байхад тодотгол ярих эрт байна. Төсвийн тодотгол өөрөө тусгай хууль, дүрмээр явагдана. Нөхцөл үүссэн тохиолдолд тодотгол хийнэ. Олон гишүүн тодотгол оруулж ир гэж дураараа ярьж байна. Батлагдсан төсвөөр Засгийн газар 2026 онд үйл ажиллагаагаа санхүүжүүлэх бүрэн боломжтой” гэв.










































































