Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Томилгооны сонсголыг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ШЕЗ-ийн хоёр ажилтан шүүгчийн шалгалтын дүнг засаж буй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Шүүхийн тамгын газраар дамжуулан тодорхой асуудалд нөлөөлж байгаа мэдээлэл их ирж байна. Тодорхой жишээ дурдъя. Ямар хэргийг хэн гэдэг шүүгчид хуваарилах вэ гэдгийг шүүхийн мэдээлэл технологи, Тамгын газрын ажилтнууд шийддэг.
ШЕЗ дээр IT-ийн хоёр мэргэжилтэн бий. Энэ хоёр хүн шүүгчийн шалгалтын дүнд засвар хийж, хэн шүүгч болох болохгүйг шууд шийдэж байна. Бид энд юм яриад л байдаг тэнд хоёр хүн энэ асуудлыг мэдээд байна.
Тэгэхээр энэ асуудлуудаас ажлаа эхлэх ёстой. Ажилтан бүрийн хариуцаж буй зүйлд аль болох хүний хүчин зүйлийг багасгах нь зөв.
Шүүхийн шинэтгэл гэдэг хүнээс их хамаарна. Бие даасан нөлөөнд орохгүй байх нь зориг шаарддаг. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдэд хуулиар шүүгчтэй адилхан шаардлага тавина. Та бүхэн улстөрчтэй уулзлаа гэхэд протокол бичнэ. Шүүгч нарын нэр хүндэд дуртай нь халддаг болсон. Тэдний нэр хүндийг хамгаалмаар байна. Өөрийнх нь талд хэргийг шийдээгүй бол муу шүүгч болдог. Сайн шүүгчдийн төлөө явж, хамгаалахыг хүсье” гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад гурван хүн нэрээ татсан бол нэг хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, нэг хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн сонгон шалгаруулалтад оролцжээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан билээ.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан зургаан хүн нэр дэвшигч:
Н.Отгончимэг,
Н.Баасанжав,
Д.Эрдэнэчимэг,
Д.Зүмбэрэллхам,
Н.Мөнгөнцэцэг
Р.Онончимэг