Их Британид омикроны халдвар илэрсэн тул Ерөнхий сайд Борис Жонсон тархалтын эсрэг авах арга хэмжээг танилцуулав.
Тус улсад ирсэн бүх хүнээс ирээд хоёр дахь хоногт нь PCR шинжилгээ авна, шинжилгээний хариу гартал гэртээ өөрийгөө тусгаарлах үүрэгтэй болов.
“Омикрон нь хоёр тун вакцинд хамрагдсан иргэдэд ч халдварлах боломжтой. Өмнөх хувилбаруудаас илүү хурдан халдварлах чадвартай тул бидний өмнө хүнд өвөл хүлээж байна” гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгджээ.
Тус улсад оминкроноор халдварласан байж болзошгүй гэж үзсэн иргэдийг ямар вакцин тариулснаас үл хамаарч, гэрт нь арав хоног тусгаарлана. Мөн нийтийн тээвэр, дэлгүүр гэх мэт олон нийтийн газруудад заавал амны хаалт зүүх шаардлагыг дахин эхэлнэ. Гурван долоо хоногийн дараа эдгээр дүрмийн хэрэгжилтийг эргэж харан, дараагийн алхмыг авна гэв.
Одоогоор тус улсад омикроноор халдварласан хоёр тохиолдол бүртгэжээ. Өмнөд Африк руу аялаад ирсэн, Челмсфорд болон Ноттингхэм хотын иргэдээс шинэ хувилбар илэрчээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Өмнөд Африк болон хөрш орнуудаас ирсэн иргэд заавал PCR шинжилгээ хийлгэн, гэртээ тусгаарлагдахыг мэдэгдэв.
Маргаашаас эхлэн Африкийн дөрвөн улсаас ирэх зорчигчид зочид буудалд арав хоног тусгаарлагдана.
Омикрон хувилбар илэрсэн орнууд: Өмнөд Африк, Ботсван, Бельги, Хонконг, Израиль
Сэжигтэй тохиолдол илэрсэн орнууд: ХБНГУ, Чех
ДЭМБ шинэ хувилбарыг аюултай гэж баасан гарагт зарласны дараа Турк, Европын холбоо, Их Британи, АНУ, Канад улс ӨАБНУ болон хөрш орнууд руу нь хийдэг нислэгээ цуцалсан.
Эрдэмтэд омикрон нь Уханиас илэрсэн вирусаас хамгийн их өөрчлөгдсөн хувилбар гэж мэдэгдсэн юм. Халдвар тархах тусам шинэ хувилбар үүсэх магадлал өсдөг байна. Өнөөдрийг хүртэл коронавирус олон мянган удаа өөрчлөгджээ.
Эх сурвалж: BBC