“Love Actually” киноны дууг алдарт дуучин Элтон Жон, Эд Ширан нар хамтран дахин дуулжээ. Дууг хараахан цацаагүй байгаа ба энэ баасан гарагт олны хүртээл болох юм.
Грэммийн таван удаагийн шагналт 74 настай Жон энэ талаар анх өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Их Британийн залуу болон ахмад хоёр уран бүтээлч ийнхүү нэгдэн уран бүтээл туурвих гэж буйд сонсогч, шүтэн бишрэгчид нь баяртай байна.
Эд Ширан “Өнгөрсөн Зул сарын баяраар Элтон Жон над руу залгаж хоёулаа “Зул сарын баярын дуу” хийх хэрэгтэй байна гэхэд нь “Тийм ээ, 2022 онд заавал хийе” хэмээн хариулсан. Тэгээд би яг тэр өдрөө дуугаа бичсэн” гэжээ.
Жон өөрийн твиттер хуудсандаа энэ жилийн Зул сарын баярын сингл дуунаас олсон бүх орлогыг Эд Шираны Саффолкийн хөгжмийн сан болон Элтон Жоны ДОХ-ын эсрэг санд хандивлах болно гэжээ.
Энэ сарын эхээр Ширан “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэд хамтран ажиллаж буй талаар ярьсан юм. “Би домогт дуучинтай Зул сарын дууг дуулах нь маш том нэр төрийн хэрэг байх болно” гэжээ.