БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.
Өнгөрсөн жилийн 11-р сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан” гэв.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх, сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргахыг завдсан зөрчлийн хэргүүд гарч байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.
Мөн Эмээлт захад түүхий нүүрс хадгалсан, түлсэн зөрчлийг илрүүлж 60 тонн нүүрсийг хураан авч 24 сая төгрөгийн торгуул ногдуулжээ.
Харин сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт ороогүй, тогтмол шалгаж байгаа гэж Таван толгой түлш компаниас мэдээллээ. Одоогоор 1.6 сая тонн түлшний нөөц байгаа аж.
Одоогоор 30 мянган өрхөд угаарын хийх мэдрэгчийн дамжуулагч суурилуулсан ба үүний тусламжтайгаар 547 удаагийн угаарын хэмжээ хэтрэлтийг яаралтай мэдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Угаарын хийн хордлогод өртөж байгаа айлууд ихэвчлэн уламжлалт монгол зуух ашигладаг эсвэл зуухны битүүмж алдагсан байдаг аж.
Иргэд “O2” аппликейшнаар агаарын чанарын индексийг харах боломжтой.