АН-ын бүртгэл болон дээд шүүхийн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, АН-ын дэд дарга Ганбаяр нар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхээс 38 дугаар тогтоол гаргаж, АН-ын зарим гишүүдээс хүргүүлсэн АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас татгалзсан. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл зарим нөхөд иргэдэд Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар буруу ташаа мэдээлэл өгч байна.
АН-ын удирдлагын баг хуралдаж, улстөрийн нөхцөл байдал хэвийн болтол АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхгүй байх шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна.
АН гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Өнгөрсөн хугацаанд АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдсон, ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллагатай хамтарч хариуцлага тооцно. Хариуцлагын асуудлыг бид өөрсдөөсөө эхэлнэ. Тиймээс АН өөрөөсөө хариуцлагын асуудлыг эхлүүлэх шийдвэрт хүрлээ. Энэ асуудлыг удахгүй хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж, тогтоол болгон гаргана.
АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-О.Цогтгэрэл гэдэг хүн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад тэрийг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. О.Цогтгэрэлтэй нийлсэн хүмүүс татвараа үргэлжлүүлэн төлөх боломжгүй байгаа. Яагаад гэвэл тэдэнд данс байхгүй. Сөрөг хүчний хувьд бидэнд шийдэх ёстой олон асуудал байна. Манай намаас сонгогдоод Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Халтмаагийн Баттулгатай холбоо бүхий зарим хүн түүнд барьцаалагдсан байх магадлалтай талтай. Учир нь Улсын ерөнхий прокурорын газрын Жаргалсайхан, Дээд шүүхийн шүүгч Ганзориг нар хуучин Ерөнхийлөгчийн томилсон хүмүүс гэв.