Бүгд Найрамдах Казахстан улсад үймээн дэгдэж онц байдал зарласан бөгөөд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл уг нөхцөл байдлын улмаас Казахстанаар дамжин өнгөрөх нисэх онгоцнууд аюулгүй байдлаа сахих үүднээс Монголоор дамжин өнгөрөх нь нэмэгджээ.
Агаарын орон зай нь стратегийн өндөр ач холбогдолтой, аюулгүй байдалтай салшгүй холбоотой учраас дайны нөхцөл үүсэхэд агаарын тээврийн компаниуд замаа сольж өөр улсыг сонгох нь элбэг ажээ.
Мөн цөмийн зэвсэг, холын болон дундын тусгалт пуужин харвах, галт уул дэлбэрэх, дайны онц байдал, байгалийн гамшиг болсон үед агаарын тээврийн компаниуд замаа сольдог байна.
Афганистаныг Талибанчууд эзлэн авсан явдал, Умард Солонгос баллистик пуужин турших үед онгоцнууд чиглэлээ өөрчилж зэргэлдээх орнуудыг сонгож байсан удаатай аж.
Улс, орнууд агаарын хилээ өөрсдийн болон олон улсын хууль дүрэм, хөрш орнуудтай тохирсны үндсэн дээр олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO (International Civil Aviation Organization)-н хүрээнд зохицуулдаг.
Монгол Улс нь тайван орны тоонд ордог бөгөөд Европ-Азийг холбосон томоохон гүүр болох боломжтой. Монгол (1.5 сая км.кв) Казахстан (2.7 сая км.кв) хоёр улсын газар нутгийн хэмжээ болон өнгөрөх нислэгийн тоо ойролцоо байдаг.