Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий компанийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж эхэлжээ.
Тодруулбал, “Эрд хул” ХХК, “Мон-Лаа” ХХК, “Ган хүдэр орд” ХХК, “Болор шүр” ХХК-ийн зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлэж, барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болсон байна.
ҮҮНД:
- “Эрд хул” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл авахдаа Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах гэр бүлийн хэрэглээний газар, хувийн орон сууц, авто ачигч зэргийг барьцаалж зээл авсан байна. Зээлийн үлдэгдэл 600 сая төгрөг болсон тул дээрх зүйлсийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тус компани нь Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүүгийн компани юм.
- “Мон-Лаа” ХХК нь 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээлийг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах конторын газар, үйлдвэрлэлийн барилга зэргийг барьцаалж авсан. Зээлийн үлдэгдэл нь 7.6 тэрбум төгрөг болсон бөгөөд анхан шатны шүүх дээр эвлэрч, дээрх барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон байна. “Мон-Лаа- ХХК нь УИХ-ын гишүүн асан Т.Билэгтийн хамаарал бүхий компани юм.
- “Ган хүдэр орд” ХХК нь 2017 онд Дархан уул аймагт байрлах автомашин угаалга, засварын газар, гараж, агуулах, пүүний барилга, ажилчдын байр, харуулын барилга үйлдвэр, үйлчилгээний газар зэргийг барьцаалж, Хөгжлийн банкнаас 5.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн үлдэгдэл нь 5.6 тэрбум төгрөг болжээ. Өдгөө барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэж дуудлага худалдаа зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Мандахбаяр ажилладаг аж.
- “Болор шүр” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 2.3 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдгөө зээлийн өр төлбөр нь 5.6 тэрбум төгрөг болоод буй аж. Тус компани нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа Багануур дүүргийн нэгдүгээр хороонд байрлах барилгын зоорь, үйлчилгээний барилга, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл зэргийг барьцаалсан байна. Тиймээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулахаар дуудлага худалдаа зохион байгуулж байгаа аж. Тус компаний гүйцэтгэх захирлаар Ц.Содхүү гэх хүн ажилладаг байна.