ТАЙЛБАР
Содон хорооллын оршин суугчаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад ирүүлсэн “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгахад тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч шийдвэрлэсэн ба торгуулийн арга хэмжээ аваагүй болно.
Цагдаагийн байгууллагаас “Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн” тухай дуудлага мэдээлэлд хариуцлага тооцож байгаагүй, тооцох ч боломжгүй. Учир нь Зөрчлийн тухай хуульд “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байдаг.
Иймд иргэд та бүхэнд нийтийн зориулалтай орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар