АМГТГ-аас өнгөрсөн сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-нд “АИ-92” шатахуун литр тутамд 100 төгрөгөөр нэмэгджээ.
Энэ талаар АМГТГ-аас тодруулахад “Хил гааль болон дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдсэн” гэж тайлбарыг өглөө.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “АИ-92” автобензиний үнийг зах зээлийн үнэд шилжүүлж, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолох аргачлалд шилжих шийдвэрийг гаргасан. Тодруулбал, сар бүрийн эхэнд нефтийн бүтээгдэхүүний үнийг өмнөх зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, нэг удаа үнэ нэмэхдээ нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд үнэ өсвөл манай улсад ч мөн өснө гэсэн үг юм. Энэ жишгээр дэлхийн зах зээлд газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн тул манайд мөн өсөж буй нь энэ юм. Ийнхүү “АИ-92” 100 төгрөгөөр нэмэгдэж 2390 төгрөг боллоо.