Энэ сар гарснаас хойш бензин, шатахууны үнэ 72-100 төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнийн нэмэгдлийн талаар Уул уурхайн сайд Г.Ёндон өнөөдөр тайлбар хийлээ.
Тэрбээр “Он гарснаас хойш бензин, шатахууны үнийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх алхам хийж байна. Ерөнхий сайд ард иргэдийн нуруун дээр ачаалалгүй, дарамт багатай шийдээрэй гэсэн үүрэг өгсөн. Энэ дагуу сүүлийн зургаан сарын хөдөлгөөнт дундаж гэсэн аргачлалаар бодож үнэ нэмж байна. Энэ нь тухайн сардаа огцом нэмэгдсэн байгаа ч гэсэн 6 дахин бага бууж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл зах зээлд үнэ 600 төгрөгөөр нэмэгдэх байсан бол 100 төгрөг болж буусан гэсэн үг. Бид энэхүү аргачлалаараа цаашид явна.
Оросын дотоодын зах зээлийн үнэ, манай зах зээлийн үнэ хооронд ямар ч хамааралгүй. Одоогийн Оросын зах зээлд байгаа бензин, шатахууны үнэ, манай зах зээлийн үнэтэй ойролцоо байсан. Рублийн ханш унаад өөрчлөгдөж байгаа байх. Манайх 2018 онд Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу Сингапурын биржийн үнээр тооцсон гэрээ хэвээрээ байгаа. 2023 онд гэрээг шинэчлэхэд бодож санасан зүйл байгаа.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжид хүнд тусч байгаа. Учир нь зургаан сарын хөдөлгөөнт дундаж аргачлалаас болж ийм дарамт ирсэн. Цаашид зургаан сарын дунджаас гурван сар гэх зэргээр зах зээлийн жамын дагуу шатахууны үнийг тогтоодог болно. Ер нь дэлхийн зах зээл дээр бүх улсад шатахууны үнэ нэмэгдсэн. Манай улсад гуравдугаар сард нэмэгдсэн үнийн өсөлт бусад улстай харьцуулахад бага. Нэмж хэлэхэд дэлхийд болж байгаа үйл явдал үнэд гэнэт нөлөө үзүүлсэн” гэлээ.