УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Ш.Занданшатар үг хэлээ.
Тэрээр “Цар тахлын нөхцөл байдал намжиж байгаа ч олон улсын байдал хурцадмал болж, таамаглах аргагүй олон эрсдэлийг өдөөж байна. Гадаад орчин эмзэг байгаа энэ үед оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж дайны хажуугаар дажин гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг нь олоогүй байж яаруу хоомой дүгнэлт хийж нийгэм, олон нийтийн өдөөн турхирахаас ангид байх чухал байна. Мэдээллийн дайнд, мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж болохгүй.
Монгол Улсын эдийн засаг 2021 оны эцэст урьдчилсан дүгнэлтээр 1.4 хувь өссөн нь төсөөллөөс бага байлаа. Хэдий цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын цар тахлын хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт хүндрэл учруулж байна.
Төсөв, мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдахад дараах асуудлуудыг анхаарах шаардлагатай байна.
Нэгд, өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой хангах. Нийлүүлэлтийн эх үүсвэрийн төрөлжүүлж, үнэ бууруулах.
Хоёрт, импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих. Зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх.
Гуравт, дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа учир өрийн удирдлагын төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцэж, шинэчлэх.
Дөрөвт, эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг эрчимжүүлэх.
Тавд, үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх.
Энэ хаврын чуулган ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. Бидний бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Шийдлээ хүлээн бодлого, шийдвэр хүлээгдэж байна. Тиймээс бид илүү идэвхтэй байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай.
Хөгжлийн банкны асуудлаар гуравдугаар сарын 29-нд ерөнхий хяналтын сонсгол хийнэ. Үүний үр дүнд хэн ямар хөрөнгийг хэрхэн авсан нь ил тод болно. Хөгжлийн банкны зээл Монгол Улсын хөгжил, эдийн засагт өгөөжөө өгсөн байх учиртай, бүрэн бүтэн төлөгдсөн байх ёстой. Үүний төлөө УИХ ажиллана. Зээлээ зориулалтын дагуу зарцуулж, зээл хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай шийдвэр, хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс зугтаж байгаа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газрууд байгаад анхаарах ёстой.
Иргэдийн засаглах эрхийг УИХ хангаж чадахгүй байна. Сонгуулийн тогтолцооны олон хувилбараас манай нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадварын сонгох нь ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож шийдэх цаг болжээ. УИХ-ын гишүүдийн тоо маргаан дагуулж байна. 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болжээ. 30 жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байсан бол нэг гишүүнд 44.7 мянган иргэнийг төлөөлж байгаа нь 1.6 дахин нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс үүнийг эргэн харах шаардлагатай” гэлээ.