УИХ-ын чуулганы хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
С.ЧИНЗОРИГ: -Тойрогтоо ажиллаж байхад Өвөрхангай аймгийн Богд, Баруун Баян-Улаан гээд аймгийн төвөөсөө 200 км алслагдсан говийн сумын иргэд нэг зүйлийг их ярьж байна. Ялангуяа Богд сумын иргэд энэ асуудалд санаа зовж байгаагаа хэлсэн. Энэ бол Улаан номд орсон цоохор ирвэс маш ихээр өсөж байгаатай холбоотойгоор малчдын мал руу дайрч байгаа асуудал. Говийн аймгуудад уул уурхайн олборлолт ихээр явагдаж байгаа учраас дайжаад ирж байж магадгүй. Улаан номд орсон амьтан учраас айлгаж, үргээж болдоггүй. Хүнээс айхаа ч болсон амьтан гэж байна. Малчдыг өөрсдийг нь айлгаж, мал руу нь дайрах тохиолдол ихэссэн байна. Тойрогтоо очих болгонд “Ирвэсээс болж малын зүй бус хорогдол маш ихээр нэмэгдэх боллоо” гээд малчид гомдоллоод байх юм. Ховордсон ан амьтнаа хамгаалах нь зөв байх. Гэхдээ малчны амь насыг хамгаалах, малыг нь зүй бусаар хоргодуулахгүй байх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Б.БАТ-ЭРДЭНЭ (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд): -Улаан номд орсон ирвэс болон бусад ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн нутаг дахь зарим хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос болоод ховордсон ан амьтдын маань амьдрах орчин нь хумигдаж БНАХУ-ын нутаг руу шахагдах нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар ховордсон ан амьтнаа хамгаалах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт манай яамнаас орж ажиллаж байгаа. Ховордсон ан амьтныг нутагшуулах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг манай яамны төсөвт тусгасан. Энэ хүрээнд зарим ан амьтныг байгалийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд тодорхой зохион байгуулалт хийе.