Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга Б.Батболд “Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудал байдгийн нэг нь бидэнд хамааралтай буюу замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага.
Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг. Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон.
Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа.
Хойшид хөдөлгөөнт хяналтын систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно” гэлээ.
“Аюултай ачаа тээвэрлэлт хот дундуур явахгүй болно”
Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн “Богдхан төмөр замын хувьд ТЭЗҮ хийсэн, одоо бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлнэ. Хотыг голоор нь хувааж байгаа төмөр замыг хотоос гаргана. Таван шар, Нарантуул захын уулзвар дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалаад өдөртөө 55 удаа авто замын хөдөлгөөнийг хааж байдаг. Энэ байдал чөлөөтэй болно. Нөгөөтээгүүр аюултай ачаа тээвэрлэлт хот дундуур явахгүй болно” гэв.
Иргэд асуулт асуув.
Олимпын гүүрнээс урагшаа олон мянган хүн, олон зуун айл өрх амьдардаг ч тус гүүрэн дээр явган хүн зорчих зам байхгүй. Үүнээс болж олон мянган хүн амь дүйн байж гүүрээр алхдаг. Хэзээ бидний аюулгүй зорчих боломж нээгдэх вэ?
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Олимпын гүүр бол явган хүн зорчих хэсэгтэй. Зураг төсөл нь батлагдсан. Гол тулгарч байгаа асуудал нь тус гүүрийг барьж, гүйцэтгэж байгаа Төмөр замын 20 дугаар товчоо компани үнийн санал дээр маргаан үүсгээд саатсан. Хоёр тал зөвшилцөлд хүрч, зургадугаар сарын 30 гэхэд гүүрийг барьж дуусгахаар болсон.
– Тэнд дугуйн зам төлөвлөсөн үү?
– Дугуйн болон тэргэнцэртэй иргэн зорчих хэсэг төлөвлөгдсөн.
–560 автобусаар парк шинэчилнэ. Техникийн хувьд ямар шаардлага тавьж, ямар автобуснууд орж ирэх вэ?
Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн: Автобусны техникийн үзүүлэлтийг манай мэргэжлийн байгууллагууд гаргадаг. Цахилгаан автобусанд хамгийн том үзүүлэлт нь батарей байдаг. Автобус өдөрт 12 цаг ажиллахын тулд 260-320 киловатт цагийн хүчин чадалтай батарейтай байх ёстой. Мөн суудлын тоо болон бусад багтаамж, жолооны хүрд, автобусны дулаан алдалтыг харгалзана.
Өвлийн цагт халаагуур ажиллаж байх ёстой. Гэтэл цахилгаан автобус бол батарейгаар халуунаар үлээж чаддаггүй. Иймд нэмэлт дизель түлшээр салоноо халаах төхөөрөмж тавих ёстой. Түүнчлэн дугуй болон бусад гадна талын зарлан мэдээлэх электрон самбар гэх мэт нарийн үзүүлэлтүүд бий.
– Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр гадаа нь зогсоол байдаггүй. Зогсоол байлаа ч тэр нь стандарт бус. Зогсоолын асуудлыг нийслэл шийдэх үү?
-Улаанбаатар хотын зогсоол бол цогц асуудал. Бүх зогсоолыг төлбөртэй болгохын тулд зогсоол стандарттай байх ёстой. Тухайлбал, зогсоол руу орох гарах, давхар тавих боломжгүй байх, төлбөр авах, хэрэгжүүлэх үндэс суурь, нөхцөлийг бий болгох ёстой. Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг гэхчлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэрнээс өм цөм, наана цаана хийх боломжгүй.
Улаанбаатар хотын гол гудамж, зам дээр зогсоол байх боломжгүй. Ялангуяа төв зам дээр байгаа замын хажуугийн зогсоолуудыг НИТХ-аар оруулж, стандартад оруулахаар ажиллаж байна. Төв замд хажуугийн зогсоолтой байхаар машинтай иргэд давхар зогсоод, нэгдүгээр эгнээгээ тэр чигээр нь хаачихдаг. Үүнээс болж автобус нэгдүгээр эгнээнд биш, хоёрдугаар эгнээ рүү ордог. Улмаар зорчих хөдөлгөөн эрс буурдаг.
Түүнчлэн зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох асуудал байна. Зогсоолын төлбөрийг шинэчилж байна. Дараа долоо хоногт НИТХ-аар хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой.
Хотын хэмжээнд нэн тэргүүнд хашаагаа буулгая гэдгийг нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалмаар байна. Өмчлөх сэтгэхүйгээ больё. Нийтийн эрх ашгийг дээдэлье. Бүгд газраа эмжээд, хашаа барьчих юм бол бүгд машинд суухаас аргагүй нөхцөл бий болно. Иймд явган замын нөхцөл байдлаа сайжруулъя, хашаагаа буулгая гэдэг уриалгыг гаргаж байна.