Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “УСНЫ САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-эрдэнэ яамны үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй, цаашид хэрхэн ажиллах талаар ийн хэллээ.
Тэрбээр, Байгаль орчны салбар унасаар л байна. Нүдэнд ил харагдаж байна. Зарим нь ч хэлж байна. БОАЖ-ын сайд гэдэг бол шагналын албан тушаал гэж… Энэ албан тушаал дээр ажиллаж байсан хүмүүс шагналын албан тушаалтан шиг л ажилласан гэсэн үг. Туул голын тухай, гол мөрнүүдийн тухай хөндчихөөд, ярьсаар байгаад өдийг хүрсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй. Эрх зүй, харилцааны хувьд ч тэр зайлшгүй яаралтай ярьж шийдвэрлэх олон зүйлс бий. Сая 3-р цахилгаан станц хаягдал усаа Туул гол руу цутгасан л байна. Энэ бол “та нар юу ч биш шүү” гэсэн хандлага. Одоо яаманд тодорхой эрс шинэчлэлтүүдийг, бодит ажлууд хийх ёстой гэж харж байна. Төрийн албаны зөвлөл, засгийн газраас шалгалт оруулсан. Ингээд 100 гаруй албан хаагчдыг гурван өдрийн турш мэдлэг чадвартай байна уу, ажлаа хийж байна уу гэдгийг тодорхойлж шалгасан. Гэтэл хууль зөрчиж томилогдсон 21 албан тушаалтан, салбарын хэмжээнд 67 албан тушаалтнууд байна. Эхний ээлжид салбар дотроо салбарын бус, гай ч үгүй, гавьяа ч үгүй хүмүүсийг хамгийн түрүүнд зайлуулах шаардлагатай.
БОАЖЯ нь өөрөө гол мөрнөө сүйтгэдэг зөвшөөрөл өгдөг яам болчихсон байсан. Юу үнэн энэ үнэн.
Өнөөдөр байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр голын дунд ашиглалтын зөвшөөрөл, лиценз олгочихсон л байна. Энэ албан тушаалтнуудыг бүгдийг нь АТГ-т шилжүүлнэ гэж бодож байна. Уржигдар гэхэд Туул голоос Тэрэлжийн гол руу явах замд яг голын эрэг дээр хамгаалалтын онцгой бүс дотор газар олгочихсон асуудлыг илрүүлэв. Хэдийн газрыг нь ухаад эхэлсэн байна. БОАЖЯ ингэж ажиллаж болохгүй. Бид шийдвэрлэх, засах ёстой зүйлээ засаад явах ёстой. Энэ салбартаа эзэн болоод энэ бүхний ард гарна гэж итгэж байна. Тэрэлжийн гол дээр очоод ажлаад үзэхэд, 2012 онд хамгаалалтын бүсээс нь гаргаж байгаад газар олгосон байх жишээтэй. Тэрэлжийн салаа бүр дээр нүхэн жорлон, гэр буудал барьчихсан, өмхий ханхалсан байдалтай л байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг бид хийх ёстой” гэлээ.
Мөн түүнчлэн, Тусгай хамгаалалттай газраас гаргуулж байгаад газар олгосон хэд хэдэн зөрчил, албан хаагчдын албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хууль бус үйлдэл байна. Яг ийм үйлдэл дээр Туул голын сав газрын захиргааны даргыг ажлаас нь тэр даруй чөлөөлсөн. Одоо энэ салбарт хариуцлага тогтоох ёстой гэж бодож байна.
Ойн ангийн дарга нь мод огтлох зөвшөөрөл өгөөд хууль бус мод бэлтгэгчтэй нийлээд хулгайн мод бэлтгэлийн бизнес эрхэлж байна.
13 албан тушаалтан дээр АТГ, ЭЦА-тай хамтраад хэрэг үүсгээд явж байгаа. Хариуцлага зайлшгүй байх ёстой. Ер нь бол би МХЕГ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ШӨХТГ-т ажиллаж байсан. Энэ хугацаанд Монголын төрийн тогтолцоонд нэг зүйл байгааг харсан. Тэр нь төрийн захиргааны төв байгууллага байгуулснаар эасуудал шийдэгдэхгүй гэж.
Туул голыг эхнээс дуустал самарч, бүх асуудлуудыг гаргаж ирж байгаа. Ингээд шүүхд шилжүүлээд өгдөг. Шүүх дээр очоод бүх юм сэргэж байна. Орхон голыг яаж ухлаа. Бүгд мэдэж байгаа байх. Шүүхээр буцаад сэргээсэн. Одоо ахиад ухаж байна. Яагаад шүүх дээр сэргээгээд байдаг юм бэ. Тэр шүүгч нарыг гурван хоног усгүй байлгаж үзэх хэрэгтэй. Авилгажсан системтэй. Зөвшөөрөл өгөхгүй бол шүүхэд хандаж байгаад шийдвэр гаргуулаад газрыг нь авч байна. Ийм байж болдог юм уу.
Усны асуудал руу одооноос тууштай орно. Өнгөрсөн 7 хоногоос хяналт шалгалтын үйл ажиллагаа эхэлсэн. Ус нь урсаад гадагшаа гарч байгааг хэн ч мэддэггүй. 60 хувь нь гадагшаа гарч байна. Тэнд усан сан байгуулаад говь руу татна гэхээр энд урсаж байгаа ус нь алга болчихлоо гэж ойлгодог.
Бид нар өнөөдөр усыг хамгийн багаар үнэлж байгаа. Үйлчилгээний тариф л авч байна. Ус үнэгүй байна. Энийг өөрчлөх ёстой. Усны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Яаман дээрээ бодлогоо зангидаад бүх шатанд явах боломжтой. Яамны албан тушаалтнууд, Усны газрын албан тушаалтнууд өнөөдөр оффис дотроосоо ажиллаж, шийдвэр гаргаж байна. Бодит байдал дээр гол нь юу болж байгааг мэдэж байгаа юм алга. Очоод үз. Усны бохирдол, нөөцийн асуудал маш их хүндэрсэн. Үүн дээр бүгдээрээ хамтарч ажиллахыг хүсэж байна. Мэргэжлийн дүгнэлт гаргах цаг хэдийн болсон. Дүгнэлтээ гаргах ажлын хэсгээ гарга. Эрдэмтдийн зөвлөлөө байгуул.
Яамны усны бодлого зохицуулалтын газар, Цэнгэг ус байгалийн нөөцийн төв гэх мэт устай холбоотой дөрвөн газар байна. Хэн нь яг усны бодлогыг зангидаж байгаа юм бэ гээд асуухаар таг. Устай хамааралтай нэг ч асуудал байхгүй. Тэгсэн хэрнээ цалин аваад сууж байна. Энэ газруудаа ажиллуулах ёстой. ҮАБЗ-д асуудлаа оруулна. Судалгааны төв хүрээлэнтэй болмоор байна. Маш олон асуудал байна. Үүнийгээ бүгдээрээ хийе, шийдье.
БОАЖЯ 100 гаруй хүний орон тоотой боловч ажлаа мэдэж хийдэг 40 хүн л байна. Бусад бүх хүмүүст адистатчлал хийх ёстой.
Ажлаараа далимдуулж завсраар нь зөвшөөрөл оруулж ирдэг, өөрсдийн бизнесээ явуулдаг, мэргэжлийн бус юмыг сайд руу оруулж ирдэг албан тушаалтан байгаа нь харамсалтай. Хяналт шалгалтыг бид үргэлжлүүлж байна. Ажлаа хийж чаддаггүй хүмүүсийг зайлуулах шаардлагатай. Оронд нь ажлаа хийж чаддаг хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Шалгалтын дагуу голын онцгой бүсэд хэн гэдэг албан тушаалтан ямар хууль бус газар олгосонг бүгдийг нь бид олон нийтэд зарлана. Энэ бол хамгийн эхний шийдэх асуудал.
Өөрсдөө устгасан моднуудаа эргэн сэргээх хэрэгтэй. Өөрсдөө салбартаа эзний байр сууриар хандах ёстой. Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллаа. Ажлаа хийцгээе. Бүх болохгүй байгаа асуудлаа гаргаж ирээд, бүх болгох бүтэх гарцуудаа гаргаж ирье” хэмээлээ.