УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Улмаар УИХ энэ асуудлаар хаалттай хуралдаж, байнгын хорооны саналыг дэмжсэн байна.
Өөрөөр хэлбэл, хуралдаанаар УИХ-ын гишүүдийн олонх нь нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ.
Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрөгч Даваа гарагт УИХ-д хүргүүлсэн юм.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэмээн хуульд заажээ. Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан байна.