Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж сонирхсон асуултанд нь хариуллаа.
Тэрээр манай улсад борлуулагдаж буй эм тарианы чанарыг асуудалд “Манай улсад 1995 оноос хойш дотоодын болон гадаадаас оруулж ирж буй эм бүгд хувьд байсан. Үүнд хяналт тавих зорилгоор 2021 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж 132 хүнтэй, байцаагчтай агентлаг байгуулсан юм. Тус агентлаг нь эмийн чанар, үнэд хяналт тавих чиг үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, эмийн чанарт хяналт тогтоодог байгууллага Эрүүл мэндийн яамны дэргэд ирсэн гэсэн үг. Түүнчлэн бид олон улсын стандарт шаардлагыг хангасан эмийг дотоодод үйлдвэрлэхийг зорьж байгаа.
Нэмж хэлэхэд, Засгийн газраас шууд үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.
Тухайлбал, манай улс Швейцарын “Новадс” гэх компанитай нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд тус компаниас бид зайлшгүй шаардлагатай, ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаг 20 төрлийн эмийг оруулж ирэхээр болсон. Эхний ээлжийн эмүүд зургаадугаар сарын эхээр орж ирнэ.
Засгийн газар өөрөө ийм гэрээ хийж байгаа нь чанартай эмийг нэг доллароор оруулж ирэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
Бид ийнхүү гэрээг хийж өгсний дараа манай улсын ханган нийлүүлэгч байгууллага, тээвэр ложистикийн компаниуд эмийн сангуудаар түгээж борлуулах боломжтой болж байгаа” хэмээн ярьсан юм.