Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл өнөөдөр “Монгол Улсын Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн ассоциацын 10 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.
Уг төсөл нь зам тээврийн биет холболтыг сайжруулах замаар мах боловсруулах логистикийн зардлыг бууруулах зорилготой.Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тус төсөл Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн ач холбогдол бүхий зам тээврийн дэд бүтцийг барих шаардлага, эдийн засгийн чухал салбаруудын логистикийг сайжруулах зорилготой нийцнэ. Бид Дэлхийн Банктай түншлэн ажиллахдаа баяртай байна. Төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэхүү төсөл уул уурхайгаас ихээхэн хамааралтай манай эдийн засгийг төрөлжүүлэн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад дэм болно. Монгол Улс ойролцоогоор 70 сая орчим малтай. Энэ нь ядуу буурай амьдралтай иргэдийн ихэнхийнх нь амьжиргааг залгуулдаг. Үүнд түшиглээд махны салбар эдийн засгийн хөгжлийг түүчээлэн, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Гэвч биет холболт хангалтгүй, логистикийн үр ашигтай байрлал бүхий төвүүд байхгүй, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл дутмаг зэрэг нь махны салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад тулгардаг гол саад юм.
Махны салбар эдийн засгийн хөгжлийг түүчээлэн, амьдралын чанарыг сайжруулах боломжтой.
Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ логистикийг сайжруулан, зам тээврийн биет холболтыг сайжруулахад хөрөнгө оруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавихад тустай. Монголд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй болохын тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал” гэжээ.
Төслийн хүрээнд замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагууд нэвтрүүлэн, малчны хоттой холбогддог 51 км замыг сэргээх, малын тоо толгой, тээврийн урсгал хамгийн ихтэй авто замын үндэсний сүлжээн дэх нийт 311 км замыг засах, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүс нутгийн загвар логистикийн төв байгуулж, логистикийн үйлчилгээг сайжруулах, логистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформ бий болгох юм байна.
АХБ мөн манай улсад 100 сая ам.долларын зээл олгох болсон. Ингэснээр эдгээр банкнаас нийт 200 сая ам.долларын зээл авах боллоо. Ам.долларын үнэ төгрөгийн эсрэг чангарч, Монголбанкнаас зарласан ханш 3120 төгрөг болсон. Энэ нөхцөлд гаднаас авах зээл ханшийн дарамтыг бууруулах давуу талтай.
Гэвч Засгийн газрын өр дагаад өсөх эрсдэлтэй. Монголбанкнаас гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны IV улирлын байдлаар 33 тэрбум 805 сая ам.доллар буюу 106 их наяд төгрөгт хүрчээ. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад 5 дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулсан. Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” гэж дүгнэж байв.
Өрийн дарамт ирээдүй хойчид маань үлдэх тул Монгол Улсын хөгжлийг олон жилээр хойш татна гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон юм.
Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт 905 тэрбум төгрөг байгаагаас 365 хоногт хуваахаар 2.5 тэрбум төгрөг гэсэн байна гэсэн юм.