Цагдаагийн байгууллагаас иргэд хоорондоо барьцаат зээлийн гэрээ байгуулан бага насны хүүхдийн суралцах, амьдрах орчныг өөрчлөн хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж дуусжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн харьяат иргэн А нь 2023 онд бусадтай барьцаат зээлийн гэрээ байгуулж 9 настай хүүхдээр хурдан морь унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай ажил эрхлүүлжээ.
Улмаар 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр 9 настай унаач хүүхдийг шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээс гадна хориглосон цаг хугацаанд журам зөрчин хурдан морь унуулсан. Энэ үеэр хүүхэд мориноос унаж гэмтсэн байна. Тиймээс иргэн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5.1 дэх хэсэг, 16.10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хэргийг энэ оны аравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйл. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх 1.Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: ЦЕГ