Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох төрийн байгууллагынхан мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монгол Улсад 60 ААН мах экспортлох эрхтэй ажилладаг байна. Үүнээс 32 ААН нь Эмээлтэд үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсад 60 ААН мах экспортлох эрхтэй байдгаас 15 нь дулааны аргаар мах боловсруулдаг. МХЕГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг тавдугаар сарын 15-аас хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Эмээлтийн 32 үйлдвэрийг шалгаж 17-ынх нь үйл ажиллагааг зогсоосон. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Мөн 14 хоногийн хугацаанд дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай стандартад нийцэж байгаа эсэхийг тогтооно. Эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж байгаа бол үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ. Шаардлага хангахгүй бол хууль журмын хүрээнд хариуцлага тооцож, стандартыг хангуулах арга хэмжээ авна” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бүхэл бүтэн төр байж хэдхэн сэтгүүлчийн олж чадаж байгаа энэ мэдээллийг МХЕГ мэдээгүй явж байсан юм уу. Энэ мах хүүхдийн хоолонд ороогүй гэх баталгаа байна уу. Хүүхдийн хоолыг шалгаж байна уу?
–МХЕГ тавдугаар сарын 15-аас хяналт шалгалт хийж эхэлсэн. Тодорхой арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллаж байгаа. Эмээлт дахь мах боловсруулах үйлдвэрийн асуудал олон жил яригдаж байна. Тиймээс одоо хатуу зохион байгуулалт дунд эцэслэн шийднэ. Асуудал их, хариуцлага дутуу байгаа учир ШӨХТГ, МХЕГ-ын удирдлагуудыг сольсон. Энэ хүрээнд шинэ төлөвлөгөө гаргаж хууль журмын хүрээнд иргэдэд дарамтгүйгээр явуулна. Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа асуудал биш гэдгийг хэлье.
Сургууль цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас гадна нийт хүн амд шаардлага хангаагүй мах нийлүүлсэн эсэхэд бид мэдээлэл авч байгаа. МХЕГ-аас шаардлага хангаагүй мах дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгааг баталгаатай хэлсэн.
-Шалгалт хийнэ гээд зарлачихаар юу ч илрүүлж чадахгүй юм биш үү?
– Өмнө нь шалгаж байна гээд л орхигддог асуудал байсан. Энэ удаад олон нийтийн хяналтыг давхар тавина.