Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болсон байна. Энэ үеэр салбарын сайд Б.Мөнхбаатар “1008” орон сууцны хорооллын барилгын ажил, цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, норм, нормативын бичиг баримтын боловсруулалт, барилгын материалын үнийн индекс болон магадлалын ажлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонсжээ.
Шуурхай хуралдааны төгсгөлд яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад хэд хэдэн үүрэг өгсөн байна.
Тодруулбал газрын багц хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих, ипотекийн зээлийн 8%-ийг 6% руу бууруулах гаргалгааг эцэслэж шийдвэрлэх, Ногоон нуур орчмын “1008” орон сууцны хорооллын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, геодезийн хуулийн төслийг нарийвчлан танилцуулах, гаднын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжих төслүүд дээр ажлын хэсэг байгуулж, ажлын явцыг түргэтгэх, барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, 1,142 ажлын магадлалыг яаравчилж дуусгах хэрэгтэй гэжээ.
2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэний зээлийн хүүг бууруулах боломжийг судлан, ажиллаж байгааг Шадар сайд Засгийн газарт танилцуулж байсан юм.