>Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хангайн бүсэд ажилласан билээ. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал ипотекийн зээлийн асуудлыг хөндөж, танил талаа ашиглаж буюу арын хаалгаар олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно гэж мэдэгдлээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар бол иргэн ипотекийн зээлд үндсэн зээлдэгчээр нэг, хамтран зээлдэгчээр нэг удаа л орох боломжтой байдаг. Гэтэл нэг иргэн нөхцөл сайжруулах маягаар олон удаа зээлд хамрагдах явдал байгаа бөгөөд спикерийн хэлснээр бол 6-7 удаа хамрагдсан хүмүүс ч байгаа бололтой.
Ингэж журам зөрчиж зээлд хамрагдаж байгаа иргэд бусдынхаа боломжийг хааж байгаа тул зээлд олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно, өөрсдөө хараад ичиж байлгүй хэмээн тэрбээр онцолсон юм.
Хэрвээ дээрх мэдээлэл ил болбол хариуцлагын асуудал мөн яригдана.






































































