Пиротехникийн хэрэгсэл (салют, цацруулагч, бенгалын гал, тэсэлгээний бодис)- тэй холбоотой хяналт, шалгалтын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоос тодрууллаа.
-Шалгалт хэзээнээс эхлэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд пиротехникийн хэрэгслийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор \”Пиротехникийн хэрэгсэл импортлох, ашиглах дүрэм” гарсан ч иргэд гар дээрээс зарах нь бий. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газар, Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, томоохон худалдааны төвүүдэд манайх Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдрөөс хяналт, шалгалт хийж эхэллээ. Пиротехникийн хэрэгсэл хүний гар дээр дэлбэрч, гэмтээх явдал гарч байсан ч сүүлийн гурван жил ийм тохиолдол илрээгүй.
-Өнгөрсөн жилийн шалгалтаар пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй худалдсан зөрчил хэр гарсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд хоёр байгууллага л пиротехникийн хэрэгсэл борлуулах зөвшөөрөлтэй. Өнгөрсөн жил цөөнгүй иргэн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдаж байсныг хураан авч, тэдэнд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хяналт, шалгалт хийнэ.
-Гал түймэрт хүүхдүүд өртөн амиа алдах нь цөөрөхгүй байна. Яагаад ийм харамсалтай явдал гараад байна вэ?
-Гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн буруугаас болж байна. Ахуйн гал түймрийн дуудлага хоногт хамгийн цөөндөө гурав ирдэг. Иргэдэд цахилгаан хэрэгслээ заавар, дүрмийн дагуу ашиглах, үнс нурмаа ил задгай асгахгүй, гэрийг байшингаас таван метрээс хол зайд барихыг зөвлөдөг.