Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчид МиГ-29УБ загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгээ өчигдөр амжилттай гүйцэтгэлээ.
МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцны нисгэгчид нь ОХУ-ын Краснодар хотын Нисэхийн их сургуулийг 2011 төгссөн юм. Энэ жил тэд тус Нисэхийн их сургуульд шилжин суралцаж, нисгэгчдийн ур чадвар, инженер техникийн ажилтнуудын онол, дадлагын сургалт бэлтгэлийг бүрэн хангаж, ийнхүү анх удаагаа монгол цэргүүд МиГ-29УБ онгоцыг хөх тэнгэрт хөөргөжээ.
БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1970 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар МАА-ын анхны сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарч, фронтын амдан сөнөөгч “МиГ-17”, “МиГ-15УТИ”, “МиГ-21ФПМ”, “МиГ-21УМ” нислэг үйлдэж байгаад 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй юм.
Сургууль, байлдааны “МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг манай орны Зэвсэгт хүчин зэвсэглэлдээ авч, нислэг үйлдэж эхэлснээр улсын агаарын хилийн орон зайн аюулгүй байдлыг сахих, улсын болон цэргийн онц чухал объектыг агаарын болзошгүй халдлагаас халхлах, агаарын дайсныг алсын нөхцөлд устгах боломжтой юм.
Эх сурвалж “Соёмбо” сонин