“Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр АТГ-т мэдээлэл илгээжээ.
АТГ энэ сарын 06-нд албан бичгийг хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Албан бичигт Дунд голын дагуу орон сууц, худалдаа үйлчилгээний барилга барьж буй, “Эм энд Жи констракшн” компани Усны тухай хуулийг зөрчсөн, авлига өгсөн байж болзошгүй тул шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.
АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр энэ сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажиллах Усан паркийн барилгын ажил зургадугаар сард эхэлнэ гэж 2017 онд төсөл хэрэгжүүлэгч мэдээлж байв. Тэд 11.8 гад битүү усан парк барихаар төлөвлөж байгаагаа олон нийтэд зарласан юм. Тодруулбал “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд, Улаанбаатарын шинэ удирдлагын мөрийн хөтөлбөрт багтаж, Барилга, хот байгуулалтын яам, БОАЖЯ хамтарч ажиллаж байна гэжээ.
2017 онд хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байв.
Энэ оны дөрөвдүгээр сард дээрх газрыг хууль бусаар эзэмшсэн, усан парк биш орон сууц барих нь гэх мэдээлэл гарсан. “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан сэтгүүлчдэд “Усан паркийн ажил зогсоогүй, 2028 онд төслөө дуусгахаар зорьж байна” гэж мэдээлсэн юм.