Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа.
Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс “Тавантолгой” төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа. Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав.