Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байна.
Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.