Цэцийн шийдвэрээр Засгийн газрын бүрэлдэхүүн, хэчнээн сайд дан эсвэл давхар дээлтэй байхыг шийдсэний сацуу Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг өргөтгөсөн юм. Шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.
Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар ирүүлсэн байна:
“Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” хэмээн өөрчлөн найруулсан. Энэ нь
- Үндсэн хуулийн Оршил хэсгийн “Монголын ард түмэн бид: … хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. …”,
- Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.“,
- Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.”,
- Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.”,
- Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”,
- Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасантай тус тус зөрчилдсөн.
Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар бүгд найрамдах улсын хэлбэрийг нутагшуулан авсан. Төрийн удирдлагын парламентын бүгд найрамдах улсын хэлбэртэй улсад кабинетын зарчмыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тэргүүн өөрийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг дангаар мэдэн бүрдүүлж, парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг.
Энэ хүрээнд парламент буюу Улсын Их Хурал Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд томилох ба гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байхаар тогтоосон.
Эл үзэл баримтлалыг Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3, 4, Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Дөчин гуравдугаар зүйлийн 2, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт бодит үйл явц болгон хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, парламентын засаглал бүхий улс орнуудад эдүгээ нийтлэг хүлээн зөвшөөрөгдөх болсон Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө мэдэж бүрдүүлдэг, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй, нэг талаас Засгийн газрын гишүүн буюу сайд нь парламентын гишүүн байх, нөгөө талаас парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн буюу сайд байх боломжтой байдаг, төрийн албаны болон улс төрийн арвин туршлага, өндөр мэдлэгтэй шилдэг хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлдэг жишгийг монголчууд бид Үндсэн хуульдаа тусгасан.
Парламентын засаглал бүхий улс орнуудад эдүгээ нийтлэг хүлээн зөвшөөрөгдөх болсон Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг, Ерөнхий сайдын Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй.
Гэтэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийг өөрчлөн найруулахдаа “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсэг, дээр дурдсан төрийн эрх мэдлийн хуваарилалтад холбогдох заалтууд, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаанд харшилсан. Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарлажээ.
Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харилцаа, хяналт, тэнцвэрт сөргөөр нөлөөлж, Засгийн газрын үйл ажиллагааны чадавх, тогтвортой байдал алдагдах, парламент дахь улс төрийн намуудын хүчний харьцаанаас шалтгаалан зөвшилцлийн үр дүнд бий болсон Засгийн газар үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд огцрохоос зайлсхийсэн, аргацаасан үйл ажиллагаа явуулдаг болох, Улсын Их Хуралд нөлөөлөл, харилцаа холбоо багатай сайдуудын хариуцсан салбарын ажил уналтад орох гэх мэт сөрөг нөхцөл байдлууд үүсэж, төрийн хямралд хүргэхээр байна.
2. Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж заасан нь Улсын Их Хурлын бүх гишүүдэд адил боломжийг нээж өгсөн зохицуулалт. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалт нь дээрх заалттай зөрчилдсөн. Уг зөрчилтэй заалтыг нэмснээр Улсын Их Хурлын гишүүдийн тэгш байдлыг алдагдуулж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаанд харшилсан зохицуулалт болжээ.
3. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан. Иймд Улсын Их Хурлаас батлан гаргасан бүх шийдвэр, түүний дотор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь эдүгээ мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, даяар олноо зарлан тунхагласан Оршил хэсэг болон тухайн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөөгүй бусад зүйл, заалтуудад бүрнээ нийцэж байх ёстой билээ.
Чөлөөт ардчилсан, эрх зүйт төртэй дэлхийн улсуудад Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуульт байгуулал, Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийнхаа суурь үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалагч, чандлан сахиулагч, Үндсэн хуулийг тайлбарлан хөгжүүлэгч нь байдаг тогтсон ёс бий. Үндсэн хуулийн цэц ч Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тогтоогдсон дээрхтэй адилтгах чиг үүргээ биелүүлж, нэгэнт үүсээд байгаа маргааныг магадлан шийдвэрлэх шаардлага эдүгээ тулгараад байна.
Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтад “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь уг нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд болон бусад заалтуудтай зөрчилдөж байгаа талаар, мөн 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцэхгүй, дордуулсан агуулгатай батлагдсан талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гээд,
Нэмэлт тайлбартаа, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/-ийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна.”, мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар бүлгийн зохицуулалтаас үзэхэд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшилсан, түүнийг өөрчилсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахын тулд Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах тоог хязгаарлах, хориглох зарчмаар бус Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцүүлэн, иргэдийн эрхийг хангасан, засаглалын салаа мөчир бүрийн үр ашигтай байдлыг хангахуйц, олон улсын парламентын ардчиллын хөгжлийн чиг хандлага, манай улстай төстэй төрийн эрх мэдлийн “зөөлөн” хуваарилалт бүхий улсуудын сайн жишигт нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоог 150-аас дээш байхаар тогтоож, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг хадгалсан байдлаар шийдэх нь зохистой байсан.
Иймд Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх асуудлыг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахгүй байх зорилгын үүднээс Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийн баталгааг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог хуульчлан тогтоох асуудалтай нягт холбоотой, иж бүрнээр нь шийдвэрлэх ёстойг Цэцээс магадлан тогтоох шаардлагатай юм.
Цэцийн зүгээс бидний мэдээлэл, түүний тайлбар, үндэслэлд дурдагдсан дээрх хоёр асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн орчинд гаргасан өөрийн шийдвэрүүдийн хоорондын зөрчилдсөн шинжтэй, харилцан адилгүй агуулгуудыг Үндсэн хуулийн агуулга, суурь үзэл баримтлал, шинээр үүссэн Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтуудад нийцүүлэн нэг мөр болгон, эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын иргэн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд:
“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, даяар олноо зарлан тунхагласан Оршил хэсэг болон зүйл, заалтад сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүрнээ нийцэж байх ёстой билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь үзэл баримтлалын хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа боловч Гуравдугаар зүйлийн зарим хэсэг нь эх Үндсэн хууль, түүний агуулга, үзэл баримтлалд нийцээгүй, зөрчилтэй болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, нэн шинэ зохицуулалт ёсоор Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах чиг үүргийг хэрэгжүүлж үр дүнг нь өөрөө бүрэн хариуцдаг дэлхийн улс орнуудад хэдийн шалгагдсан гүйцэтгэх эрх мэдлийн загварыг хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд парламент буюу Улсын Их Хурал Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд томилох ба гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байхаар тогтоосон.
Манай улстай Засгийн газраа бүрдүүлэх адил төсөөтэй арга, механизм бүхий дэлхийн улс орнуудад Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас Засгийн газрын гишүүн буюу сайд нь парламентын гишүүн байх, нөгөө талаас парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн буюу сайд байх боломж нөхцөл цөм бүрдсэн байх бөгөөд алсын хараа, хэтийн бодлоготой, эх орноо хөгжүүлэх үйлс, санаачилгад бодол санаа нь цэгцэрсэн, улс төрийн хувьд туршлагатай хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлдэг байна.
Үндсэн хуулийн хэд хэдэн заалт болон хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарласан.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийг өөрчлөн найруулахдаа “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь 1992 онд батлагдсан эх Үндсэн хуулийн хэд хэдэн заалт болон хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна.
Өнгөрсөн 29 жилийн түүхэн сургамжаас авч үзвэл, (1) Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлаас хэт хараат байсны улмаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд тэдэнд таалагдахын төлөө ажиллах шаардлага байнга гарч байсан бөгөөд цаг үргэлж ийм байх боломжгүй тул 1-1.5 жил болоод Засгийн газар огцордог байсан практик улам даамжирч нэг жил, бүр сар хүрэхгүй хугацаанд ажиллах Засгийн газартай болох нөхцөлийг бүрдүүлсэн байна;
(2) Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж хомс, хязгаарлагдмал тул улс төрчид улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн дор нэгдэж сонгуульд нэр дэвшихийн оронд сонгуулийн компанит ажлын санхүүжүүлэгч болон бусад оролцогч болон хувирч, үүнийхээ шанд сайдын албан тушаал горилогч болохоор байна. Энэ нь алс хэтдээ парламентын засаглалыг хямралд оруулахаар байна;
(3) Нийгмийн амьдрал, үйл явц нь парламентын гишүүдэд өөрийн салбарын зовлон, жаргалыг ажралгүй ойлгуулж, зөв зүйлийн төлөө манлайлал үзүүлдэг, туршлагатай улс төрчдөөс Засгийн газрыг бүрдүүлэхийг шаардах боллоо. Эл байдал хүнд, амаргүй энэ цаг үед ил тодорхой мэдрэгдэж байна;
(4) Парламентад хэд хэдэн нам суудалтай болж бүлэг байгуулсан тохиолдолд сайд томилуулахын төлөө зөвшилцөж үл чадах мэтгэлцээн, зөрчилд хүргэж улмаар засаглалын хямралыг үүсгэхээр байна;
(5) Парламентад суудалтай хэд хэдэн нам зөвшилцөж Засгийн газрыг бүрдүүлж чадлаа ч гэсэн зарим нэг бодлого, шийдвэрийн талаар санал нэгдэхгүй байдал нь Засгийн газрын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, гацаанд оруулна; (6) Засгийн газар огцрох, эс огцрох нь парламентын 19 гишүүний саналаас шууд шалтгаалах тул үндсэндээ гишүүдэд тал засдаг Засгийн газар бий болж, үүний үр дагавар нь гүйцэтгэх эрх мэдлийг парламентын гишүүд хуваан авч төлөөлүүлэн удирддаг болохоор байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсэгт “Монголын ард түмэн бид: улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” гэснээс үзвэл Монгол Улс засаглалын хямралгүй, аливаа засаглалын хямралаас болж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэлд сэв суудаггүй, өргөн ардчилал бүхий улс байхаар байна.
Тийм байхад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь мөн чанарын хувьд Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй Засгийн газрын дөрвөн гишүүн Улсын Их Хурлын гишүүн байж болох тухай тусгах замаар Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хязгаарлалт тогтоосон байна. Дээрх зөрчилтэй заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурлын гишүүдээс дөрөв хүртэл хүнийг Засгийн газрын гишүүнээр томилон ажиллуулж болохоор заасан нь Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, улмаар хариуцлагыг өөрөө хүлээдэг байх үзэл баримтлалын илэрхийлэл болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. …”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Засгийн газрын гишүүнийг … Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. …”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж тус тус заасантай агуулгын хувьд зөрчилдөж байгаа болно.” гэсэн байна.
Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“… 1.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан үндэслэл, шаардлагын тухайд:
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж тус тус заасан байсныг 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. …”, “… Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж тус тус өөрчилсөн байдаг.
Дээрх өөрчлөлтийн улмаас чуулганы хуралдаан багадаа 51 гишүүн оролцсоноор хүчин төгөлдөрт тооцогдож, тэдгээрээс 26 гишүүн нь дэмжсэнээр хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр батлагддаг байсан босго буурч, чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцсоноор хүчин төгөлдөрт тооцогдож, 20 гишүүний дэмжлэгээр хууль батлах боломжийг бүрдүүлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хавсрах боломжтой болсон. …
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан Ажлын хэсгийн зүгээс парламентаар хууль эцэслэн батлах босго болон парламентын гишүүний бүрэн эрхтэй үл нийцэх алба, ажлын талаар буюу хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт-тэнцлийг хангах чиглэлээр судалгаа хийсэн байдаг. …
Улсын Их Хурлаас дээрх судалгааны дүгнэлт, дэлхийн улсуудын хууль тогтоомж, туршлагыг харгалзан үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална.” гэж өөрчилж, хуулийг эцэслэн батлах босгыг үнэмлэхүй олонхоор буюу 39 ба түүнээс дээш гишүүний саналаар тогтоосон.
Энэ нь хуулийг батлах босгыг даруй 19-өөр нэмэгдүүлж, улмаар Засгийн газраас парламентын хууль тогтоох бүрэн эрхэд нөлөөлөх нөлөөллийг хязгаарлаж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт-тэнцлийг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт болсон юм. Түүнчлэн хуулийг эцэслэн батлах босгыг өндөрсгөсөн дээрх өөрчлөлт нь Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах, тооны хязгаар тогтоох эсэхийг Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх өргөн боломжийг олгосон.
Тийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан. …
Дэлхийн улсуудын хууль тогтоомж, туршлагаас харахад парламентын гишүүн нь цөөн тоотой бол хавсран гүйцэтгэхийг хориглох хандлагатай байна. Харьцангуй цөөн гишүүнтэй, нэг танхимтай парламент бүхий Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллахыг хатуу хориглох, эсхүл бүрэн нээлттэй байлгах нь онолын хувьд ч, туулж ирсэн туршлагаас үзэхэд ч тохирохгүй нь илэрхий болсон гэж үзэн уг хоёр албан тушаалыг хавсарч болох зохистой заагийг тогтоох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан. Ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа илүү тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ гаднын ямар нэг нөлөөгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, хууль тогтоох-гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцэл сонгодог утгаараа хэрэгжинэ гэж үзсэн.
2.Үндсэн хуульд заасан Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан эсэх тухайд:
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулснаар Засгийн газрын тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор Улсын Их Хурал Засгийн газрын гишүүн-сайд нарыг хүн бүрээр хэлэлцэн томилох өөрийн бүрэн эрхээсээ татгалзан, Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцах, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх зэрэг Засгийн газар танхимын зарчмаар үйл ажиллагаа явуулахыг тогтоож өгсөн.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн улс төрийн сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн улс төрийн дэмжлэг чухал бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байхад ч шийдвэрлэх нөлөөтэй. Тиймээс олон улсын парламентын сайн практикт Ерөнхий сайд Засгийн газрыг тогтвортой байлгаж, бодлогын асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, үр дүнд хүргэхэд улс төрд нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, бүх ард түмний сонгуулиар ялалт байгуулсан хүнийг ямарваа тоон хязгаарлалтын шахалтад орохгүйгээр багтаа авч ажиллуулахыг чухалчлан авч үзэх нь зүйн хэрэг.
Гэхдээ хүн ам цөөнтэй, парламентын нэг гишүүнд ногдох хүн амын тоо өндөр, төлөөлөх чадвар сул, нэг танхимтай зэрэг Монголын парламентын өнөөгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллахад тодорхой тоон хязгаарлалт байх нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн ба ингэснээр Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг хөндөхгүй гэж үзсэн.
3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхэд хязгаарлалт тавих нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх эсэх тухайд:
… Улсын Их Хурлын гишүүд нь Засгийн газрын бүрэлдэхүүнд тогтоосон тоон хязгааргүйгээр орж ажиллах нь хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд гарах зарим шийдвэр нь Засгийн газрын хүсэл зоригоор шийдвэрлэхэд хүрдэг гэж судлаачид үздэг байна. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр чуулганы кворум буюу хүчин төгөлдөрт тооцогдох шалгуурыг ердийн олонх байх өөрчлөлтийг хийснээр 20 гишүүн хууль батлах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 39 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр хууль баталдаг болсноор хууль тогтоох үйл ажиллагаанд Засгийн газрын хүсэл зоригийг хязгаарлахад бодит алхам болсон ба гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулахад хүргэж болох эрсдэлийг бууруулсан гэж үзэж болно. …
Үндсэн хуулийг анх батлах үед Улсын Их Хурлын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн замаар оруулсан байдаг. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж 1 гишүүн дунджаар 42.7 мянган хүн амыг төлөөлөх болсон байна. Энэ нь манай улсын нэг Улсын Их Хурлын гишүүн Бүгд Найрамдах Эстони Улсын парламентын гишүүнээс 3.4 дахин их, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсаас 4.6 дахин их, хүн амын тоо ойролцоо Бүгд Найрамдах Армен Улсаас 1.8 дахин их иргэдийг төлөөлж байгаа юм.
Тиймээс судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан, төлөөллийн зарчмыг илүү сайн хангуулах үүднээс нэмэх, цаашид Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг авч үзэх бодит шаардлага бий болсон гэж үздэг.
Үндсэн хуулийн эрх зүйн онолын хувьд сонгодог парламентын засаглалтай улсад улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэхэд улс төрийн сонгуулийн тогтолцоо, түүний үр дүнд гарч ирэх хүчнүүдийн харьцаа чухал нөлөөтэй. Сонгуулийн холимог тогтолцооны үед улсын төрийн нам парламентад олонхыг бүрдүүлж чадаагүй үед суудал авсан намууд эвсэх, эвслийн Засгийн газар байгуулан ажиллах нөхцөл байдал үүснэ.
Улс төрийн энэ нөхцөлд суудал авсан улс төрийн намуудаас намын лидерүүд нь гүйцэтгэх эрх мэдлийн бүрэлдэхүүнд орж шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлага бий болно. Энэ үед хавсран гүйцэтгэхэд тавигдах тоон шаардлагыг биелүүлэхэд тодорхой хүндрэлүүд үүсэж болно. Улмаар ээлжит улс төрийн тогтворгүй, хямралт байдал руу оруулах, Засгийн газрыг огцруулах таагүй үр дагаврыг бий болгоно.
Улс төрийн хүчтэй нөлөө бүхий гишүүдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахын тулд парламентын гишүүний бүрэн эрхээс татгалзах, дахин сонгууль явуулах, энэ нь парламент дахь улс төрийн хүчний харьцаа, олонхи, цөөнх байхад нөлөөлөх зэрэг эцсийн дүнд улс төрийн тогтворгүй орчныг бий болгох эрсдэлтэй.
Судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Ингэхдээ иргэдийн төлөөллийг тэгш хангах, мөн газар нутгаа төлөөлөх гэсэн хоёр асуудлыг аль алиныг хангасан Үндсэн хуулийн тогтолцоог сонгох шаардлагатай талаар олон судлаачид үзэж, энэ талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байна. …
Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлсэн нөхцөлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэснээр төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг алдагдуулах бодит шалтгаан арилна гэж үзэж байна.
Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахад парламентаас Засгийн газарт тавих хяналт суларна гэж үзэх хандлага байдаг. Гэвч парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг илүү үр нөлөөтэй болгосноор хуульд заасан хяналт шалгалтын арга хэлбэрүүдээр дамжуулан заавал тооны хязгаар тавихгүйгээр эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдах нөхцөл болно гэж үзэж байна.
Дээр дурдсаныг үндэслэн дүгнэхэд Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Гучин есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, түүнийг Монголын нөхцөлд нутагшуулахад харгалзан үзэх онцлог, уламжлал, улс төрийн орчин, парламентын засаглалд үүсэж байсан хямралт байдал, практикийн асуудлууд, сонгуулийн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.” гэсэн байна.
Дөрөв. Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг шинжээч хийх байгууллагаар томилсон бөгөөд онолын болон олон улсын туршлагыг судлан харьцуулалт хийж дараах агуулга бүхий дүгнэлтийг хийжээ. Үүнд:
“… 1.Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох эсхүл зөвшөөрөх нь тухай орны төрийн удирдлагын тогтолцоо, парламентын танхимын тоо болон гишүүдийн тоо зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Онолын болон практикийн талаас нь авч үзэхэд парламентын гишүүн сайд байх нь (1) хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо уусаж нягт холбоотой ажиллах, (2) сайд болох боломжтой хүмүүсийг иргэд урьдчилан сонгох, (3) кабинетыг хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ хүчний тэнцвэр үүсгэх, (4) парламентаас засгийн газарт тавих хяналт хэрэгжих зэрэг давуу талтай байна. Харин парламентын гишүүн сайд байхыг хориглосноор (1) хууль тогтоох эрх мэдлийн бие даасан байдлыг сулруулах, түүнд Засгийн газрын нөлөөллийг нэмэгдүүлэхээс сэргийлэх, (2) хоёр албан тушаалыг зэрэг хаших боломжгүй, (3) тал талын төлөөллийг хангасан мэргэжлийн хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх, (4) засгийн газрын хэт улс төржилтийг бууруулах сайн талтай байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн улсын парламентын тогтолцоо, гишүүдийн тоо, танхимын тоог харгалзан үзэхийн зэрэгцээ, сайд Улсын Их Хурлын гишүүн байхыг “яагаад” зөвшөөрөх эсхүл хориглох шаардлагатай тухай “онолын болон практик”-ийн үндэслэлээ зөв тодорхойлох нь чухал юм. …
2. Судалгааны хүрээнд судалсан парламентын засаглалтай 38 улсын 15 нь парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахыг шаарддаг болон зөвшөөрдөг байхад, 19 нь хориглодог, 4 нь тодорхой квот тогтоож өгсөн байна. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг шаарддаг эсхүл зөвшөөрдөг 15 улсын хувьд 7 нь хоёр танхимтай, 8 нь нэг танхимтай, 13 нь 120-оос 736 парламентын гишүүнтэй, 2 нь 120-оос доош гишүүнтэй байна.
Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг шаарддаг болон зөвшөөрдөг улсууд нь нэг танхимтай, 120-оос дээш парламентын гишүүнтэй байгаа бөгөөд үүний шалтгаан нь парламентыг “тамга дарагч” төдий болохоос сэргийлдэг. Харин Мальт (65 гишүүнтэй) болон Исланд (63 гишүүнтэй) улсын хувьд парламентын гишүүний тоо нь 120-оос бага боловч парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрдөг. Эдгээр хоёр улс нь парламентын цөөнхийн оролцоог маш сайн хангаж, баталгаажуулж өгсөн байдаг тул ийнхүү зөвшөөрдөг байна.
Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахыг хориглодог 19 улсын хувьд дийлэнх нь буюу 14 нь нэг танхимтай, 5 нь хоёр танхимтай, 10 нь 151-ээс доош, 9 нь 169-өөс дээш парламентын гишүүнтэй байна. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсрахад тодорхой квот тогтоодог 4 улс байна. Уг 4 улс болох Вануату, Белиз, Энэтхэг, Монгол нь парламентын гишүүний албыг хавсарч буй сайд нар парламентад хэт нөлөөтэй болохоос сэргийлж тэдгээрийн парламентад эзлэх хувийг өөр өөрийн онцлогтойгоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, парламентын нэг танхимтай, гишүүдийн тоо цөөн улсын хувьд парламентын гишүүн сайдын албыг хавсран гүйцэтгэхийг хориглох, эсхүл хязгаарлах хандлагатай харин парламентын хоёр танхимтай, гишүүдийн тоо олон тохиолдолд зөвшөөрөх эсхүл шаардах хандлагатай байна.
Гэхдээ нэг танхимтай, парламентын гишүүдийн тоо цөөн зарим улсад (Мальт, Исланд) парламентын гишүүн Засгийн газрын сайдын албыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Гэвч зөвшөөрснөөр жижиг парламенттай улсад гарах сөрөг үр дагавар (тухайлбал, парламентын хяналт буурах гэх мэт)-ыг “өөр арга хэмжээ, тогтолцоогоор” нөхөж өгдөг. Тухайлбал, Мальт болон Исландын хувьд парламент дахь сөрөг хүчний хяналтыг сайтар баталгаажуулж өгсөн. …
3.Монгол Улстай адилхан Ерөнхий сайд-Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсууд бараг бүгдээрээ сайд парламентын гишүүн байхыг хориглох эсхүл хязгаарлах хандлагатай байна. Мөн нэг танхимт парламенттай болон парламентын гишүүдийн тоо нь цөөн байгаа улсуудад парламентын гишүүн сайд байхыг хориглох эсхүл хязгаарлах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд парламентын гишүүний дөрвөөс илүүгүй нь сайд байж болно гэж заасан нь нэг танхимтай, 76 гишүүнтэй, Ерөнхий сайд-Ерөнхийлөгчийн тогтолцоотой улсын хувьд “байж болохуйц” хамгийн үндэслэл бүхий арга замын нэг мөн гэж үзэж байна. “Дөрвөөс илүүгүй” гэсэн квот тогтоосон нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хамтын ажиллагааг дэмжиж илүү үр нөлөөтэй болгох бөгөөд мөн хоёр эрх мэдэл хоорондын “хэт уусал”-аас сэргийлэх, хяналт тэнцвэрийг тогтворжуулахад үр нөлөөтэй сонголт байна.” гэжээ.
Тав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж гаргасан өмнөх шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна.
Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг 2000 онд Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцээд 03 дугаар дүгнэлт, 02 дугаар тогтоол гарган Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэж байсан бол 2006 оны 3/06, 2015 оны 17 дугаар магадлалаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхгүй гэж шийдвэрлэжээ.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн талаар гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг Үндсэн хуулийн цэц урьдчилан шалгахдаа агуулгаар нь хянан үзэж 2020 оны 16, 22 дугаар магадлал гарган маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хянан шийдвэрлээд Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаал, үүргийг хавсран гүйцэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг(тухайн үеийн агуулгын хүрээнд)-ийг зөрчсөн хэмээн шийдвэрлэж 1996 онд 06 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 1998 онд 09 дүгээр дүгнэлт, 02 дугаар тогтоол тус тус гаргасан байна.
Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр гарсны дараа буюу 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагыг тавьж, нарийвчилсан журмыг хуульчилжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд 2000, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасан.
Уг зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгалд тодорхойлсон эрхэм зорилгын хүрээнд, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хамгаалан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэж буй эсэхийг хянах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.
2.Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна.
3.Хууль тогтоогчоос баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тухайн Үндсэн хуулийн эх бичвэр, үнэт зүйл, эрхэм зорилгыг удирдлага болгосноор Үндсэн хуулийн дотоод нийцлийг алдагдуулахгүй байх, Үндсэн хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх, ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн хамгаалж, үндэсний эрх зүйн тогтолцооны нэгдмэл цогц байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ.
Уг үзэл санаа нь орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн Үндсэн бүтцийн онолын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг чиг хандлага болно. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагыг хуульчилжээ.
Иймд маргааныг дахин хянан шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 3/06, 2015 оны 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон эрх зүйн тодорхой байдлыг бий болгох нь зүйтэй байна.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайд Засгийн газрыг бие даан бүрдүүлэх, Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд болон тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн биелэлтийг хариуцахаа илэрхийлж гарын үсэг зурах зэрэг зохицуулалтыг хуульчилж, Засгийн газар танхимын зарчмаар үйл ажиллагаагаа явуулах суурь үзэл баримтлалыг тусгажээ. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байдаг.
Дээрх суурь үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулгын хүрээнд нийцүүлэн баталгаажуулан бэхжүүлжээ.
5.Хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл, эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь ард түмний сонгосон парламентын тогтолцоог сулруулах, улмаар засаглалын тодорхойгүй байдалд хүргэх эрсдэлийг бий болгон Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтад тус тус нийцээгүй байна.
6. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн Гучин есдүгээр зүйл болон Дөчин гуравдугаар зүйлд гүйцэтгэх эрх мэдлийн суурь үзэл баримтлалыг бэхжүүлэх хүрээнд холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. …” гэж заажээ. Харин тус зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарласан нь Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж түүний эрх хэмжээг хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулж, дээрх нэмэлт, өөрчлөлтийн үндсэн үзэл санаа, агуулгатай зөрчилдсөн байна.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хуулийг эцэслэн батлах босгыг өндөрсгөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэсэн зохицуулалтыг хөндөөгүй атлаа Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулж, тооны хязгаарлалт тогтоосон нь парламентын гишүүний чөлөөт мандатын агуулгыг үгүйсгэж, хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахуйц Үндсэн хуулийн дотоод зөрчил үүсгэсэн байна.
8.Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор хүн амын тоонд үндэслэн парламентын гишүүдийн тоог нэмж өөрчлөх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна.
Иймд дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан дээрх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог нэмэх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй байх тул хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/06 дугаар магадлал, мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ
ГИШҮҮД
Д.ОДБАЯР
Ш.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Ц.НАНЗАДДОРЖ
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР